Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас /2019.10.29/ яг одоо БНХАУ-ын 500 иргэнийг саатуулан шалгах ажиллагааг зохион байгуулж байна. tovch.mn сайтын мэдээлж буйгаар, БНХАУ-ын 500 иргэнийг Нийслэлд байрлалтай Ориентал зэрэг 3-4 зочид буудлаас нэгэн зэрэг саатуулах ажиллагаа явуулж байна.
БНХАУ-ын иргэд нь монгол сим бүхий үүрэн холбооны 10 мянга орчим дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютерийг хэрэглэж байсан нь баримттайгаар илэрчээ.. Саатуулах ажиллагаа явуулж буй цэгүүдэд БНХАУ-ын иргэдийг тээвэрлэн явах том оврын автобус зогсоож, цагдаа нар хүч нэмэгдүүлэн ирж байна.
Эдгээр иргэд дунд Хонконг иргэд багтаж буй бөгөөд зарим нь Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөлтэй байгаа аж.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, эдгээр иргэдийг мөнгө угаах эдийн засгийн гэмт хэргийн хүрээнд шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Одоогоор иргэдийн тоог нарийвчлан тогтоогоогүй байгаа гэдгийг албаныхан онцоллоо.