Цахим орчинд “Ачит ихт” ХХК-тай холбоотой мэдээлэл цацагдах болсонтой холбогдуулан тус компанийн зүгээс дараах мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдэл
Үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК нь саяхан 5 жилийн ойгоо тэмдэглэн хийж бүтээсэн бүхнээ олон нийтэд танилцуулсан билээ. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн үед “Ачит Ихт” ХХК-ийн талаар зохион байгуулалттай илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацагдаж эхэллээ. Тухайлбал, livetv.mn вебсайт нь товч эрэн сурвалжлах хөтөлбөрөөрөө “Ачит-Ихт” ХХК болон түүний хувьцаа эзэмшигчийн нэр хүндэд илтэд халдсан, огт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг цувралаар бэлтгэн тарааж байгааг тус компанийн зүгээс эрс эсэргүүцэж, цагдаа, хуулийн байгууллагад хандаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Мөн АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдуулан хэрэг үүсгэн шалгах болсонтой холбогдуулан шаардлагатай баримт бичгийг манай компанийн зүгээс гарган өгч, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
“Ачит Ихт” ХХК нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ямар нэгэн харилцан хамаарал байхгүй талаар өмнө нь удаа дараа мэдэгдэл хийж байсан боловч уг асуудлыг улс төрийн зорилгоор ашиглах явдал тасрахгүй байгаа тул холбогдох хууль, хүчний байгууллагад хандан шалгуулахаар боллоо.
Иймд хэвлэл мэдээллийн салбарынхан манай компанитай холбогдолтой аливаа мэдээ, мэдээллийг гаргах, нийтлэх тохиолдолдоо сэтгүүл зүйн гол зарчмаа баримтлах, мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхийг нягталж, зохих мэдээлэл, лавлагаа авсны үндсэн дээр гаргах, нийтлэхийг хүсэж байна.
“Ачит Ихт” ХХК нь үйл ажиллагаагаа зохих хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулж, холбогдох татвар, хураамж, төлбөрөө хуулийн хугацаанд нь, зохих ёсоор төлж ирсэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
“АЧИТ ИХТ” ХХК