Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байгаа юм байна.
Хяналт шалгалтын хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өвөр гүнт”-ийн авто тээврийн шалган бүртгэх хяналтын цэгт энэ сарын 27-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид 40-33 УБО улсын дугаартай, хонда инсайт маркийн тээврийн хэрэгслийг зогсоож ачаа тээшинд үзлэг шалгалт хийсэн аж. Гэтэл тус тээврийн хэрэгслийн жолооч Д нь 1 бодгаль тарваганы арьстай, боловсруулаагүй махыг худалдан авч, тээвэрлэн явж байжээ. Тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн торгууль, 340000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийн нөхөн төлбөрийг шийтгэлийн хуудсаар оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж ажилласан байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр 300 нэгжийн торгууль оногдуулж, тарваганы толгой тутамд экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр оногдуулахаар заасан байдаг юм.