Үндсэн хуулийн цэц маргааш (2019.10.30) Их суудлын хуралдаанаараа УИХ-аас баталсан нэгэн эх оронч биш шийдвэрийг хэлэлцэх гэж байна. Энэ бол өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтууд.
Нарийн задалж үзье. Энэ заалтуудад Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөхөөр болж байна. Гэхдээ энэ төлбөрийг гадны аж ахуйн нэгж, дотоодын компаниуд ялгаатай төлнө.
Жишээ нь Хятадын нэг компани Монголоос нүүрс ачаад хилээр гарахдаа 5-хан хувийн татвар төлнө. НӨАТ ч төлөхгүй. Харин дотоодын, үндэсний компаниуд 10.5-аас 12.5 хувийн татвар төлөхөөр болоод байгаа юм. Монгол Улсын нүүрсний зах зээл бол өмнөд хөрш. Нүүрсний зах зээлийн энэ дэвжээн дээр Монголоос нүүрс ачаад орж байгаа Хятад, Монгол компаниуд хэтэрхий тэнцвэргүй өрсөлдөх шийдвэрийг УИХ баталчихаад байгаа.
УИХ-ын баталсан энэ хуулийн заалтууд нь Үндсэн хуулийг зөрчсөн явдал хэмээн үзсэн иргэд Цэцэд гомдол үүсгэн маргаан эхлүүлсэн билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ маргааныг хянаж үзээд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг 2019 оны 6 дугаар сарын 28-нд гаргасан ч УИХ хүлээж аваагүй юм.
УИХ-ын эрхэм гишүүд үндэсний компаниудаа хүнд байдалд оруулах хуулийн төслийг баталчихаад, энэ буруугаа хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Энэ бол Монголд үйлдвэрлэл зогсох, дагаад эдийн засаг хямрах хэмжээний гамшиг тарих хуулийн төсөл болсон билээ. Гамшиг тарих хуулийн төслөө УИХ өөрчлөхгүй бол алтаа Монголбанкинд тушаах компаниуд олдохгүй, хулгайгаар хил давуулах хууль бус ажиллагаа гаарч, улсын төсөв өөрөө томоохон хохирол амсах юм.
Тэнцвэргүй өрсөлдөөнийг Үндсэн хуулийн цэц хэрхэн шийдэхээс, УИХ-ын түүнийг яаж хүлээн авахаас Монголын уул уурхайн компаниудын хувь заяа, цаашлаад ард иргэдийн амьдрал хамаарах билээ.