Зарим ахмадын хувьд тэтгэврийн хэдэн төгрөг нь амь, амьдрал нь байдаг. Тэд тэтгэврийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулахаас эхлүүлээд үр хүүхдийнхээ амьдрал ахуйд нь бага гэлтгүй нэмэр болдог. Гэтэл зарим хөгшчүүлийн тэрхүү амин зуулга, амь амьдралыг нь төр “булаажээ”. Үүнийг батлах нэгэн үйл явдал саяхан болсон байна. Банкны үүдэнд өдөржин дугаарласан эмээ тэтгэврээ авч чадалгүй гэртээ харьжээ. Учир нь, түүний тэтгэврийг “Өнгөрсөн хугацаанд илүү тэтгэвэр авч байсан” гэх шалтгаанаар олгоогүй байна. Харин эмээгийн өдөржин банкны үүдэнд дугаарласан ч тэтгэврийн хэдэн төгрөгөө авч чадаагүй шалтгаан нь өнгөрсөн онд гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/319 дүгээр тушаалтай холбоотой аж.
Өөрөөр хэлбэл, сайдын тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 16-наас гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгуулсан юм. Энэхүү аяны хүрээнд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 381.5 мянган ахмадын тэтгэвэр тогтоолтын хувийн хэргийг шалгаж, улмаар баталгаажуулжээ.
Түүнчлэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдэд тэтгэврийн тогтоолтоо шалгуулах хүсэлтэй өөрийн биеэр гаргаж хандсан 12.4 мянган иргэний өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Хамгийн гол нь, аяны явцад урьдчилсан байдлаар 1.1 тэрбум төгрөгийг зөрчлийг илрүүлсэн аж.
Тэрхүү зөрчлийн талаар албаныхан “Шалгалтаар 930 тэтгэвэр авагчид 881 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон бол 810 тэтгэвэр авагчийн 291 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон нь тогтоогдсон. Нийт 1747 тэтгэвэр авагчийн тэтгэвэрт алдаа мадаг гарсныг залруулж байна. Дутуу олгосныг нөхөн олгож, илүү олгосныг нь суутгаж байгаа” гэх тайлбарыг хэвлэлд өгчээ.
Үүнээс үзэхэд өдөржин банкны үүд сахин дугаарласан ч тэтгэврээ авч чадаагүй эмээ өнгөрсөн хугацаанд илүү тэтгэвэр авч байсан болж таарах нь. Илүү тэтгэвэр авч байсан болоод л cap бүрийн эхэнд авдаг тэтгэврийн мөнгийг нь Нийгмийн даатгалын сан буцаан татжээ.
Шуудхан хэлэхэд, Нийгмийн даатгалын сан 1.1 тэрбум төгрөг буюу зарим ахмадад илүү тэтгэврийн мөнгө олгосны улмаас үүссэн алдагдлаа ийм аргаар нөхөж эхэлсэн бололтой.
Тэгвэл хуулиараа тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-20 хүртэлх жил төлсөн иргэн шимтгэл төлсөн нийт хугацаандаа ноогдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй. Өнөөдөр тэтгэврийн насны иргэд бүгд л хууль, журмынх нь дагуу буюу нийгмийн даатгалын ажилчдын тогтоож өгсөн тэрхүү тэтгэмжийг л авч байгаа. Өөрөөр хэлбэл, энд ахмадуудын буруу байхгүй. Эсрэгээрээ тэтгэврийг нь илүү тогтоож, эсвэл дутуу бичилт хийж өгсөн нийгмийн даатгалын ажилчдын буруу гэж санагдах юм.
Үүнээс үзэхэд зүй тогтлоороо бол нийгмийн даатгалын ажилчид ажилдаа “хайнга” хандсанаас болж өнөөдөр Нийгмийн даатгалын сан 1.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхэд хүрсэн биш гэж үү. Гэтэл тэдний тогтоож өгсөн тэтгэврийг “Насаараа улс, эх орондоо хөдөлмөрлөсний минь үр шим” хэмээн бодон тэтгэврээ авч байсан хөгшчүүлээр тэрхүү алдагдлаа нөхүүлж байгаа нь хэр зөв үйлдэл вэ. Нийгмийн даатгалын ажилчдын гаргасан “алдаа”-г энэ мэтчилэн хөгшчүүл үүрэх нь зөв гэж үү, Н.Номтойбаяр сайд аа!!!
Өглөөний сонин
Б.Бат