С.Эрдэнэтуул хэмээх бүсгүй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар, бүтээн байгуулалттай холбоотой төсөл хөтөлбөрүүдээр дураараа дургиж эхэлжээ. Түүнийг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн охин гэдгээр хүмүүс андахгүй.
Тэгвэл энэ удаад нийслэлчүүдийн ундны усны нөөцийн 40 гаруй хувийг хамарсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газартай холбоотой хууль бус үйлдлүүдээрээ илүү танил болохоор шийдсэн бололтой. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргээс НИТХ-д нэр дэвшиж сонгогдсон түүнийг хийж бүтээсэн, сурсан мэдсэнээрээ бус анхнаасаа л Сайхансамбуугийн Эрдэнэтуул гэх нэрээр хүссэн бүхнээ өөрийн болгодог хэмээн ойр тойрныхон нь ярьдаг.
Нэгэн үед аавынхаа үнэнчээр зүтгэж явсан намаас тодорхой эрх мэдэлд хүрсэн түүнд одоо МАН гэх том өмгөөлөл нэмэгдсэн нь дураараа дургих эрхийг нь улам нэмсэн бололтой.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ТҮҮНИЙ ГАР ДЭЭР “НҮД АНИХ УУ”
Сая гаруй хүн амтай том хотод ард иргэд, хүүхэд залуус нь амарч, зугаалах нэг ч талбай, цэцэрлэгт хүрээлэн байхгүй байсан нь Монголын хувьд хөрш зэргэлдээ төдийгүй хөгжиж буй орнуудын өмнө нүүр улайхаар зүйл байсан нь саяхан.
Тэгвэл дэлхийн хотуудын өмнө нүүр тахлах, нийслэлийн өнгө төрхийг илтгэх, дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн Эрүүл-Эко ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар нийслэлийн удирдлагууд 2009 оноос ажиллаж эхэлсэн нь нийслэлчүүдэд юугаар ч орлуулшгүй үнэ цэнтэй бүтээн байгуулалтын нэг болсон.
Туул голын ай сав газрыг цэцэрлэгжүүлэх, нийслэлийн иргэдийн ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулан нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, амралт зугаалгын төв болох энэхүү хүрээлэнг нийт 973 га газарт байгуулахаар анх төлөвлөснөөс 183 га талбайг ерөнхий төлөвлөгөөний дагуу тохижуулаад, тодорхой хэмжээгээр цэцэрлэгжүүлээд байгаа билээ.
Байгуулагдаад удаагүй ч хоёр ч дарга солиод байгаа энэ газрын даргаар өнгөрсөн арванхоёрдугаар сард С.Эрдэнэтуулыг томилсон нь санаандгүй тохиолдол биш байсныг хавь ойрынхон нь ярьдаг. Учир нь нийслэл төдийгүй холбогдох бүх төрийн байгууллага, гаднын томоохон төсөл хөтөлбөрүүдийн анхаарлын төвд байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь түүний хувьд мөнгө босгох аргуудынх нь нэг байж болох гэнэ.
2020 гэхэд 183 га талбайд бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлт гээд шаарддагатай бүхнийг хийх ёстой цэцэрлэгг хүрээлэнгийн талбайг өдгөө бараг хүссэн бүхэнд нь бүтээн байгуулалт хийлгэхээр хуваан өгч буй. Ийн хувааж өгөхөд ч бас учир байгаа гэнэ.
С.Эрдэнэтуул тэргүүтэй удирдах албан тушаалтнуудын танил, тэдний эрх ашигт нийцсэн хүмүүс хүссэн талбайгаа тохижуулах эрх авч байгаа аж. Үүний нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төсөл юм.
“Ази Номхон далайн ойн нөхөн сэргээлтийн сүлжээ” төрийн бус байгууллагын 1.5 сая ам.долларын санхүүжилтээр хийсэн бүтээн байгуулалт. Төслийн хүрээнд 8.4 га газарт зам талбайн хучилтын ажил, гэрэлтүүлэг, усан сан, асар, хашлага. чулуун баримал, чулуун тохижилт, явган болон дугуйн зам, машины зам, зогсоол зэрэг тохижилт бүтээн байгуулалт, ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг цогцоор нь шийдсэн олон улсын жишигт нийцэхүйц “Ботаникийн бичил цэцэрлэг” байгуулна хэмээж байсан ч биелэлт нь төлөвлөсөн дүр зураг, зарцуулсан санхүүжилтдээ жулдаж байгааг ярих хүн цөөнгүй байна.
Үүнээс гадна өдгөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдэж буй төсөл, хөтөлбөр бүр ийм маягаар үргэлжилж байгаа бололтой. Үүнээс үүдэн зарим хүн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөрөнгө оруулалтууд Сайхансамбуугийн гэр бүлийнхний гараар ороод дуусах нь” хэмээж байгаа гэнэ.
2006 онд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн залуусыг саатуулсны дотор С.Эрдэнэтуул байсан гэх мэдээлэл шар хэвлэлийн эхний нүүрт гарч байв. Түүнчлэн 2008 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж яваад зам хөндлөн гарч явсан хүүг дайрч, гэмтээсэн мэдээлэл юм.
С.ЭРДЭНЭТУУЛ ГЭЖ ХЭН БЭ
Ш.Сайхансамбуугийн ганц охин Эрдэнэтуул нийслэлийн 24, 50 дугаар сургуульд суралцаж байгаад Сингапурын “Pioneer” дунд сургуулийг төгссөн нэгэн. Тэндээсээ Лондонгийн “David Game” коллежид есөн cap их сургуулийн бэлтгэлд сурч, Оксфордод тэнцэж, суралцаад 2005 онд төгссөн байдаг.
Эх орондоо ирээд аавынхаа эзэмшлийн “Нарантуул” зочид буудалд менежер, “Голомт” банкны картын төвд цалингийн карт хариуцсан мэргэжилтэн хийж байсан гэдэг. Ийн хэсэг байсны эцэст АНУ-д магистрт сурахаар явсан ч сургуулиа төгсөж чадалгүй нутаг буцаж, Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтэст ажилд орсон нэгэн.
Тэрбээр өдгөө нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Улс төрд орох болсон шалтгаанаа “Би 2000 онд Чингэлтэй дүүрэгт сонгуулийн ажилд ухуулагчаар ажилласан. Үүний дараа 2008 онд Завхан аймагт аавынхаа шадар туслахаар ажиллаж, арын албанд нь тусалсан. Өөрийнхөө бизнесийг хийгээд мөрөө хөөгөөд явж болж байна.
Гэхдээ миний ихийг хийе, ядарч зовсон хүмүүст амьдралд хөлөө олж, тогтоход нь тусалъя гэсэн бодол маань илүү хүчтэй. Ийм бодлоор улс төрд орсон” гэжээ. Гэхдээ түүнийг НИТХ-д сонгогдохын тулд сонгогчдод удаа дараа гурил, сурагчийн дүрэмт хувцас, сурах бичиг, ном, дэвтэр тараасан гэдэг. Ингэхдээ аавынхаа эзэмшлийн Завхан дахь гурилын үйлдвэрийн “Өгөөмөр” гурилыг голчлон өгсөн гэх мэдээлэл ч хаа сайгүй байдаг. Түүнийг аав нь 2020 оны УИХ-ын сонгуульд одооноос бэлдэж байгаа гэх яриа хүрээнийхэн дунд нь байдаг ажээ.
ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ БАРААН МЭДЭЭЛЭЛ
Гадаадад их сургууль төгсөж ирснийхээ дараа тэрбээр аавынхаа нэрийг шар сонин, хэвлэлээр цөөнгүй баалуулсан байдаг. Үүний нэг нь тэрбээр 2006 онд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн залуусыг саатуулсны дотор С.Эрдэнэтуул байсан гэх мэдээлэл шар хэвлэлийн эхний нүүрт гарч байв.
Түүнчлэн 2008 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж яваад зам хөндлөн гарч явсан хүүг дайрч, гэмтээсэн мэдээлэл юм. Тухайн үед хохирогч хүүгийн эцэг эхэд унаж явсан машинаа өгсөн тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч байлаа.
Дашрамд дурдахад, Монголын хөрөнгө бэлтэй эрхмүүдийн хүүхдүүд нийлж, “Монголыг аваръя” нэртэй клуб байгуулсан байдаг. Уг клубыг үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг нь С.Эрдэнэтуул аж.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАЗРААС “ХУМСЛАХ” СОНИРХОЛ БАЙГААГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зарим хэсэг ашиглалтад ороод олон жил болоогүй ч дарга тогтоодоггүй. Энэ нь цаанаа Туул голын эрэг дагуу байрласан, ундны усны эх үүсвэр бүхий энэ газрыг өөр ашиг сонирхлоор харах, бусдад өгөхийг оролддлгтой холбон тайлбарлах хүмүүс байдаг.
Үүний хамгийн тод жишээ нь өнгөрсөн жил тус хүрээлэнгийн газарт зөвшөөрөлгүй барилга барьж байсан байдаг. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүрэг Дүнжингарав худалдааны цогцолбороос зүүн урагшаа байрлах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн нийт зургаан га газарт зөвшөөрөлгүй барилга барьж эхлүүлсэн явдал.
Барилгын ажлыг өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 9-ний өдөр эхлүүлж, барилгын суурийн нүхийг ухаж, газрыг битүү хашаалсан байдаг. Энэ талаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын тухайн үеийн дарга Ц.Алтанцэцэг “Одоогийн байдлаар яг аль газарт, ямар зориулалттайгаар барилга барих гэж байгааг мэдээгүй байна.
Ямартай ч мэргэжлийн байгууллагууд ирээд барилгын үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Хуулийн байгууллагаас энэ барилгын захиалагч, гүйцэтгэгч, зориулалт гээд мэдээллийг шалгаад манай байгууллагад өгнө гэсэн. Тэр барилга баригдаж байгаа газарт нь цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газар багтсан нь үнэн” гэж байв.
Гэвч бодит байдал дээр энэхүү хууль бус үйл ажиллагаа нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагуудтай холбоотой байсан байдаг. Ингээд зогсохгүй Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга байхдаа захирамж гарган Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн найман га газрыг эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зарлаж байсан удаатай.
Уг нь бол нийслэлийн ундны усны эх үүсвэрийн талбар багтаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн хаана ч орон сууцны барилга барьж болохгүй билээ.
“Мөнгөний машин” гэгддэг Ш.Сайхансамбуугийн мэдэлд “Нарантуул” ХХК, “Нарантуул” зочид буудал, Орос-Финландыг холбосон модны бизнес, Шанхайд 45 сая еврогоор боссон шилний үйлдвэр, SS club гэх мэт олон бизнес байдаг ч түүний хүүхдүүд өдгөө өөр өөрсдийн бизнесийг бий болгохоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг томоохон хөрөнгө оруулалттай, төсөл хөтөлбөрүүдийг онилжээ.
Эх сурвалж: Б.ЭНХ
1 comment
Алтанцэцэг нилээн хууль зарчсөн