Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрах зохицуулалтыг тусгасан юм.
Дэлхийн олон улс орон өөрсдийн шүтдэг шашны баяраа тэмдэглэдэг. Үүнээс бурхан багшийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 21 улс байдгаас ес нь албан ёсны амралтын өдөртэй байдаг аж. Христын төрсөн өдрийг тэмдэглэдэг 160 орон байна гэнэ. Христын мэндэлсэн өдрийн Монгол даяараа нижгэр тэмдэглэдэг. Исламын шашны рамадан баярт ч хүндэтгэлтэй ханддаг. Цаашдаа шашин, төрийн асуудлаа нэг мөр болгох шаардлага байна.
Дэлхий нийтэд ард түмнийг амраадаг баярын хоног дунджаар 30 байдаг. Монголд энэ өдөр бага талдаа байдаг юм байна. Архи ууж тэмдэглэдэг баяр бидэнд олон байгаа. Тиймээс энэ баяруудаасаа нэгийг нь хасаж байгаад ч хамаагүй нэг өдрийг нь амралтын өдөр болгох зорилгоор энэ хуулийг санаачилсан гэж хууль санаачлагч гишүүд ярьж байна.
Энэ өдрийг тэмдэглэх тухай 400 мянган гаруй бурхны шашинтан Гандантэгчинлэн хийдээр дамжуулан хүсэлт ирүүлсэн аж. Олон улсын шашны эрх чөлөөний тайланд 2010 оны байдлаар Монгол Улсын 15-аас дээш насны хүн амын 53 хувь нь өөрсдийгөө буддын шашинтан гэдгээ хэлсэн байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд буддын шашны тухай тодорхой заасан байдаг.
Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд уламжлалт бурхны шашныг сэргээх хөгжүүлэх, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслах, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэх ёстой хэмээн тусгасан байдаг. Тиймээс Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр амрах өдөр болгох хуулийг төслийг УИХ-ын гишүүд дэмжив.