Энэ долоо хоногийн Лхагва гарагт Британийн Эссекс мужийн боомтод Бельгиэс ирсэн ачааны чингэлэгнээс 39 хүний цогцос илэрсэн эмгэнэлт хэрэг гарсан билээ.
Хэргийг илрүүлснээс хойш 24 цагийн дараа Британийн цагдаа нар хохирогчдыг Хятадын иргэд гэж урьдчилсан байдлаар тогтоосон юм.
Харин Баасан гарагт тарсан мэдээллээр бол тэдний дунд хуурамч Хятад паспорттой Вьетнамын иргэд байсан байх магадлалтай байна.
Тухайлбал Хятадаар дамжин Европт цагаачлахаар явсан 26 настай вьетнам бүсгүй хэрэг гарсан өдөр ээж рүүгээ сүүлчийн мессэжээ бичсэнийг хэвлэлүүд олж мэдээлжээ.
Вьетнамын өөр хэд хэдэн гэр бүл Лхагва гарагаас эхлэн холбоо тасарсан ойр төрлийн хүмүүсийнхээ талаар мэдээлж, Британиас ирэх мэдээг чих тавин хүлээж байгаа гэнэ.
“Бид Пүрэв гарагт хохирогсдын харьяаллын талаар эхний дүгнэлтээ мэдэгдсэн. Гэхдээ цогцоснуудыг таниулах ажил дуусаагүй, үргэлжилж байна” гэж Эссекс мужийн цагдаагийн дэд дарга Пиппа Миллс өчигдөр мэдэгджээ.
Өчигдөр цагдаа нар Британи руу хууль бус цагаачдыг нэвтрүүлэх ажил эрхэлдэг гэж сэжиглэгдсэн дөрөв дэх хүнийг уг хэрэгтэй холбогдуулан Умард Ирландаас баривчилсан юм.
Вьетнам бүсгүйгээс ирсэн мессэжэд “Уучлаарай ээжээ. Гадаадад цагаачлах миний аялал бүтэлгүйтлээ. Ээжээ! Би танд их хайртай. Амьсгалж чадахгүй болж байгаагаас би үхэж байна. Уучлаарай!” гэж бичсэн байна.
Тэрээр гар утас руугаа залгахгүй байхыг өмнө нь гэрийнхэндээ анхааруулж байсан гэнэ. Учир нь Британи руу гаргаж өгөх хүмүүс ингэхийг хориглосон гэж тайлбарлаж байжээ.
Лондон хот дахь Вьетнам улсын элчин сайдын яам цагдаагийн газартай холбоотой ажиллаж, мөрдлөгийн үр дүнг хүлээж байгаагаа мэдээлсэн байна.
Элчин сайдын яам ойр төрлийн хүмүүс нь сураггүй болсон Вьетнам дахь гэр бүлүүдтэй холбоотой байгаагаа бас мэдээлжээ.
Вьетнам гэр бүлүүдийн зарим нь үр хүүхдээ Британи руу явуулахын тулд зохион байгуулагчдад 30,000 фунт стерлинг ($38,000) төлсөн тухайгаа хэвлэлд ярьсан байна.
Эх сурвалж: The Guardian
2 comments
сайн төрлийг олох болтугай.
bugd vietnam baisan baihoo