Британийн Эссексийн боомт дээр ирсэн хөргүүртэй ачааны машины чингэлэгээс 39 цогцос олдсон хэрэг Британичуудыг цочроогоод байгаа билээ. Тэгвэл Бельгиэс ирсэн уг ачааны машинд байсан цогцсууд бүгд Хятад хүмүүс байсныг Британийн цагдаагийн газар тогтоожээ. Машиныг Бельгиэс гарахад ачааны лацыг задалж үзээгүй шууд Британи руу илгээсэн гэж Бельгийн талаас мэдүүлсэн байна.
Цагдаа нар машины жолооч 25 настай Мо Робинсон гэх залууг баривчлан шалгаж байгаа ба -25 хэмийн хүйтэн хөргүүртэй чингэлэг дотор 31 эрэгтэй, найман эмэгтэйн цогцос олдсон юм. Британийн засгийн газар уг хэргийг хүний наймаатай холбоотой зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байгаа аж. Британи дахь Хятадын элчин сайдын яамнаас өөрсдийн баг бүрэлдэхүүнийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар илгээжээ.
Үүнтэй төстэй хэрэг 2000 онд гарч Кент мужийн Доверт ирсэн ачааны машинаас 58 цогцос олдож байжээ. Машины жолооч 14 жилийн ял авч, хэрэгт холбогдсон долоон хүн мөн шийтгүүлж байсан аж. Мөн хамгийн сүүлд 2015 онд 71 цогцос ачсан машин Австрийн зам дээрээс олдсон байна. Энэ мэт хэргийн хохирогчид нь ихэнхдээ цагаачид байдаг ажээ.
Эх сурвалж: BBC