УИХ-ын чуулганы өчигдрийн (2019.10.25) хуралдааны төгсгөлд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулав.
Сангийн сайд танилцуулгадаа, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль нь 2006 онд батлагдсанаас хойш нийт 52 удаа нэмэлт, өөрчлөлт орж, хуулийн агуулга, зорилго нь алдагдаж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, төсвийн сахилга батыг алдагдуулахад хүргээд байна. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Сангийн яам тусгай сангуудад газар дээр нь санхүүгийн хяналт, шалгалт хийж, цөөнгүй зөрчил, дутагдал илрүүлснийг онцолсон юм.
Шинэчилсэн найруулгын төсөл баталснаар Засгийн газрын тусгай сангуудын давхардал арилж, зарцуулалт нь оновчтой, үр ашигтай, ил тод болж, хяналт хариуцлагын тогтолцоо сайжирч, төсвийн сахилга батыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас тусгай сангуудад хийсэн шалгалт, судалгааны үр дүнд зарим тусгай сангийн чиг үүрэг давхцалтай, эх үүсвэрийг зориулалтын бусаар ашигласан, түүнд тавих хяналтын чиг үүргийг хэрэгжүүлээгүй, сангийн хөрөнгийг үндэслэлгүй, хууль зөрчиж зарцуулсан зэрэг зөрчил, дутагдал үүссэн байна.
Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийн зарцуулал, ажлын албаны үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгож, олон нийтэд нээлттэй, ил тод, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх асуудлыг зохицуулах, түүнчлэн үйл ажиллагаа явуулаагүй, бие даасан сан байх шаардлагагүй сангуудыг татан буулгах, нэгтгэх зохион байгуулах болон Засгийн газрын тусгай сан, бусад төсвийн хөрөнгөөр санхүүждэг, Засгийн газрын тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах ил тод байдлыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах, хяналт, үр нөлөөг дээшлүүлэх талаарх зохицуулалтыг тусган Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс Засгийн газрын сангуудыг татан буулгаж, нэгтгэж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ шинээр сан бий болгож, төсөв хуваарилах шаардлагатай эсэхийг тодруулж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан төр, бизнестэй хутгалдан, сан нэрээр мөнгө хуваарилах бус зах зээлийн зарчмаар Төрийн банкаар дамжуулан боловсрол, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг хуваарилах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг гэр хорооллын иргэдийг дэмжих сан байгуулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.
Бизнесийн асуудалд төр оролцох шаардлагагүй гэдэгтэй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар санал нэг байгаагаа онцлоод улсын хэмжээнд Засгийн газрын 29 тусгай сан байгааг 21 болгохоор төсөлд тусгасан гэж байлаа. Тухайлбал, нэг байранд байсан Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгээд Үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулахаар төсөлд тусгасан гэв. Харин Боловсролын зээлийг Төрийн банкаар дамжуулахаар банкны шалгуур өндөр тул уг зээлийг авах боломж хязгаарлагдмал байдаг учир сангийн хүрээнд зохицуулахаар болсон гэдгийг Сангийн сайд хариултдаа тодотгов.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 63,6 хувь нь дэмжсэн. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөв