Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржийг урьж ярилцлаа.
–ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд УИХ-ын 29 дүгээр тогтоолыг цуцаллаа. Та өмнө нь “ОУВС хэлэлцээ хийдэггүй, болзол тулгадаг. Хэрвээ хэлэлцээ хийдэг байсан бол өнөөдөр Өргөтгөсөн хөтөлбөрийг авахгүй байх байсан” гэж хэлж байсан. Хэдийгээр хөтөлбөрт хамрагдахгүйгээр эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах боломж бий гэж байгаа ч Сангийн сайдын тоон мэдээлэл үүнийг үгүйсгэдэг шүү дээ?
-Бидэнд асар их боломж бий. Өнгөрөгч 2016 оны төсвийн орлого тэр дундаа татварын орлого давуулан биелэгдсэн. Яагаад давуулан биелэгдсэн гэхээр Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуультай холбоотойгоор далд орлого ил болсон. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар тодорхой хэмжээний хөрөнгө ил болсон. Тодорхой тоо хэлбэл, Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хүрээнд 37 их наядын хөрөнгө ил болсон. Үүний татвар хуримтлагдаж байгаа. Тийн атал Засгийн газар зардлыг танах тал дээр дорвитой арга хэмжээ аваагүй. Тухайлбал, төрийн албан хаагчдыг танавал найман тэрбум орчим төгрөг хэмнэх боломжтой. Төрийн байгууллагуудын зардлыг таван хувиар танахад 450 тэрбумын зардал хэмнэгдэнэ. Зөвхөн энэ хоёрыг танахад л ОУВС-аас авах гээд байгаа 440 саяыг гаргах боломжтой байсан.
-Гэвч бондын төлбөр..?
-580 сая ам.долларын бондыг буцааж төлөх тухай асуудал. Үүний 450 сая ам.долларыг Монгол Улс өөрөө төлж байгаа. 100 гаруй сая ам.доллар дээр нь гадаадын бонд босгосон. Тэгэхээр бидэнд дотооддоо боломж байна. Ер нь эдийн засагчид, судлаачдын үзэж байгаагаар НӨАТ тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хэрээр орлого нэмэгдэнэ. Мөн Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй алт, зэс, нүүрсний үнэ хангалттай өссөн. Энэ орлогуудын нөлөөгөөр харахад оны эцэст орлого баталсанаас 720 тэрбум төгрөгөөр давуулан биелэгдэх төлөвтэй байгааг хэлдэг. Уг нь энэ орлого дээрээ үндэслэн Төсвийн тодотголын хүрээнд нэмэгдүүлсэн 405 тэрбум төгрөгийн урсгал зардлаа танаж, бүсээ чангалсан бол заавал ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр асуудлаа шийдэх гарц байсан.
-Та ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг буруушаагаад байгаа бололтой. Уг нь санхүүгийн сахилга бат сайжрахаас эхлээд энэ хөтөлбөр Монголд үр ашгаа өгөх юм шиг?
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг буруу гэж үзсэн юм биш. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар тодорхой эерэг үр дүнгүүд бий болно. Үүнтэй маргахгүй. Тэр дундаа гадаад нэр хүнд сайжирна. Монгол Улс ОУВС-тай хамтарч ажилласнаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт нэмэгдэж, санхүүжилтэд тавигдах хяналт бий болно. Мөнгө төгрөгөө зөв зохистой зарцуулахад хяналт, хариуцлага илүү өндөр түвшинд яригдана. Өөрөөр хэлбэл, Монгол Улс санхүүгийн нөхцөл байдал дээр илүү хариуцлагатай болох нь харагдаж байна. Үүнийг дагаад дотоод, гадаад орчинд нэр хүнд өснө. Хөрөнгө оруулагчид, бусад улсын санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа илүү идэвхжиж, сайжирна гэсэн үг. Үүгээрээ илүү давуу талтай.
-Тийм байтал асуудлыг хэтэрхий сөрөг талаас нь хараад байх шиг. Сөрөг хүчин гэхээр эрх баригчдыг шүүмжлэхээсээ илүүтэй хяналт тавих нь чухал биш үү?
-Харамсалтай нь, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нэрийдлээр МАН өөрсдийнхөө санал бодлыг тулган, баталж байна. Төсвийн тодотголоор сайд нарын багцын урсгал зардлуудыг нэмэгдүүллээ. Мөн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Иргэдийн амьдралд шууд нөлөөлөх шатахуун болон Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн. Төсвийн тодотголын хүрээнд нэмэгдүүлсэн долоон төрлийн татвар бүх ард түмэнд хамаатай. Долоон төрлийн татвар нэмэгдүүлээд 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олох бол долоон төрлийн концессоор 800 тэрбум төгрөгийн зардал гаргаж байх жишээтэй.
-Өнгөрсөн долоон хоногт УИХ-ын 29 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Эл тогтоолд гадны компаниуд Монголын банк санхүүгийн байгууллагаар гүйлгээгээ дамжуулж байх тухай нөхцөлтэй заалт байсан. Тогтоол хүчингүй болсноор гарах үр дагаварыг та хэрхэн харж байгаа вэ?
-МАН-ын Засгийн газар “Рио Тинто” болон “Бороо гоулд”-ын дарамтад орсон гэж харагдахаар байгаа. ОУВС-гийн хамгийн их хувь эзэмшигч нь Америк. Иймээс “Рио Тинто”, “Бороо гоулд”-ын нөлөөлөл орсон байж магадгүй гэж хардаж байгаа. Тиймдээ ч ОУВС-гаар дамжуулан гадаад дахь төлбөр тооцоог Монголд оруулж ирэх асуудлыг эсэргүүцсэн хандлага байгаа болов уу. Валютын ханш өндөр байх нь “Рио Тинто”-д ч, “Бороо гоулд” ч ашигтай. Монгол Улсын гадаад худалдаа нэг тэрбум ам.долларын ашигтай гардаг. Тэгсэн атлаа төлбөрийн тэнцэл нь хасах. Энэ нь юунаас болж байна гэхээр томоохон уул уурхайн компаниудын төлбөр тооцоо Монгол Улсаар дамжиж орж ирэхгүй байгаатай холбоотой. Тиймдээ ч төлбөрийн тэнцэл алдагдалтай гардаг. Үүнээс болж валютын ханш алдагдах, хэт савлагаа үүсэх нөхцөл байдал үүсч байна.
-Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /өчигдөр/ хуралдаанаар Эрүү, Зөрчлийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл дэх хүний эрхийг дордуулсан заалтуудыг эргэж харахыг танай намаас шаардсан. Хүний эрхийг зөрчсөн 10 заалт байгаагаас дөрвийг нь онцлон авч ажлын хэсэгтэй хэлэлцэн тохиролцож байгаа гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-АН-ын бүлэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд хүний эрхийг дордуулсан хэд хэдэн заалт байгаа учраас ажлын хэсэг эргэж харах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан. Энэ хуулийн төсөлд хүний эрх, эрх чөлөөг боогдуулсан 10 гаруй асуудал байна гэж үзсэн. Эдгээр 10 заалтаас дөрвөн заалт нь маш ноцтой гэж үзээд ажлын хэсгийн хүмүүстэй ярилцаж, засвар оруулах шаардлагатай гэсэн шийдэлд хүрсэн. Одоо ажлын хэсэг ажиллаж байна. Эхнийх нь Засгийн газраас оруулж ирсэн хувилбараар аливаа хэрэг мөрдөн байцаалтаас гарахад заавал шийдэгддэг байдлаар оруулж ирсэн.
–Ажлын хэсэг дээр энэ санал өөрчлөгдсөн байх аа?
-Хэргийг гурван шатны шүүхээс хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад буцаана гэдэг саналыг ажлыг хэсэг оруулж ирж байгаа. Үүнийг хүний эрхийг дордуулсан заалт оруулж ирлээ гэж үзэж байна. Шүүгдэгч, яллагдагчийн эрх дордох болно. Эрүүгийн эрх зүйн болоод онолын талаасаа ч тэр ухралт болж байна. Өнөөдөр хуулийн байгууллагууд хүн шалгадаг. Улмаар тэр хүнээ хэдэн сар, хэдэн жилээр гэхчлэн хугацаагүй шалгадаг. Үүнийгээ тодорхой зорилгоор ашигладаг байдал ажиглагддаг. Иймээс хэрэг шалгах тодорхой хугацаатай. Тэр хугацаанд нь шүүх рүү оруулдаг. Шүүх рүү оруулаад хэрэг хийсэн нь нотлогдвол хэргээ хүлээгээд явдаг. Нотлогдохгүй бол цагаатгадаг ийм тогтолцоог бий болгохыг зорьж байгаа. Тиймээс Засгийн газрын оруулж ирсэн саналыг хэвээр үлдээхийг ажлын хэсэгтэй хэлэлцэнэ.
-Дараагийнх нь мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой байсан байх аа?
-Мөрдөн шалгах нууц ажиллагаа болон прокурорын зөвшөөрөлтэй явагдсан гүйцэтгэх ажлын үр дүн болох баримт мэдээллийн талаар мөрдөгч магадлагаа үйлдэж, прокурор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана гэж өөрчлөх саналыг ажлын хэсэгт гаргаж дэмжигдсэн. Энэ нь иргэнд эрүүгийн хэрэг үүсгэхээсээ өмнө прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулж болох боломжийг нээж өгсөн бөгөөд гүйцэтгэх ажиллагаагаар олж авсан мэдээллээ шүүх хурлын нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэх боломжтой болгож буйг хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзсэн. Жишээ нь, хэн нэгэнд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, баримт цуглуулдаг. Улмаар тэр баримтаа дарж байгаад хэрэгтэй үедээ ашиглаж, шантаажлах, дарамтлах, нэр хүндэд нь халдах зорилгоор гаргаж ирэх явдал бий. Энэ бол хүний эрхийг маш ноцтой зөрчиж байгаагийн илрэл.
-Цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг тодорхой хэрэг дээр хориглосон байтал ажлын хэсэг цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах хэргийн зүйлчлэлийг өргөтгөсөн гэдгийг АН-ын бүлгийн дарга хэлж байсан?
-Гурав дахь нь цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай. Цагдан хорих байранд Үндэсний аюулгүй байдал тагнуул, терроризмтай холбоотой хэрэг үйлдсэн хүмүүст гүйцэтгэх ажил явуулах тухай асуудлыг зөвшөөрөхөөр Засгийн газар оруулж ирсэн. Гэтэл ажлын хэсэг хулгай хийх, авлига хээл хахууль авах, хүн алах зэрэг нэлээн олон хэргийг нэмж оруулсан.
-Хар баасан гарагт баривчилдаг байдлыг таслан зогсоох чиглэл ч танай намынхны амнаас гарч байсан. Энэ тухай ноцтой дөрвөн заалтад багтсан бололтой?
-Дөрөв дэх нь, бидний нэрлэж заншсанаар хар баасан гараг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүнийг баасан гарагт баривчилдаг. Нэг дэх өдөр хүртэл нэр төрийг нь гутаадаг. Баривчлагдлаа гэж олон нийтэд мэдээлдэг. Өнгөрсөн хугацаан дахь статистик мэдээллийг харахад баасан гарагт баривчлагдсан нийт хүмүүсийн 80 хувь нь гэм зэмгүй гээд суллагдсан байдаг. Харин 20 хувь нь асуудалтай. Энэ байдлаас харахад хүнийг 24 цаг баривчлах Засгийн газрын саналаар явуулах нь зүйтэй юм. Тэгэхгүй бол дээрх байдлыг өөрт ашигтайгаар ашиглаж, бусдын нэр төрийг санаатайгаар гутаах зорилго агуулах байдал бий. Сэжигтэн шүүхийн зөвшөөрөлтэйгээр баривчлах хугацааг 24 цагаас хэтэрч болохгүй байхаар Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан. Гэвч 48 цаг болгон өөрчлөх саналыг байнгын хороо дэмжснийг эргэн харах шаардлагатай. Энэ дөрвөн асуудал дээр харилцан ярилцахаар завсарлага авсан. Завсарлагын хугацаанд ажлын хэсгийн ахлагч болон гишүүдтэй уулзаж ярилцаж байгаа.
-АН завсарлага авч асуудлыг хойш татахгүй байхыг эрх баригч намын зүгээс, ажлын хэсгийнхэн ч хэлж байсан. Зүй нь хуулийн хэрэгжих хугацаа ирэх долдугаар сарын 1-н. Тийм байтал АН элдэв шалтаг, шалтгаан гаргаж ирэн асуудлыг хойш татаж, завсарлага авч байгаад та ямар хариулт өгөх вэ?
-Өнөөдөр ажлын хэсэг нэг зүйлийг биднээс шаардсан. Та нар завсарлага авч болохгүй. Энэ хуулийг долдугаар сарын 1-нд хэрэгжүүлэх ёстой. Үүнээс өмнө нэлээн олон журмыг боловсруулах учиртай. Журам боловсруулах хугацаа хэтэрхий давчуу байна. Та нар завсарлага авах тухай асуудлаа болиоч гэж шаардлаа. Бид үүний эсрэг байр суурьтай байгаа.
-Тэгвэл цаашид ч шаардлагатай бол завсарлага авах нь ээ. Завсарлага авч байгаа нь нэг төрлийн бойкот шүү дээ. Тийм биш гэж үү?
-Яагаад гэвэл хүний эрхийг дордуулсан, өмнөхөөсөө ухарсан алхмыг Их хурлаар хийх гэж байна. Ингэж болохгүй. Тиймээс сайн ярилцаж, асуудалд тал талаас нь хандан, эрүүл ухаанаар боловсруулсан хувилбарыг батлах ёстой гэж боддог.
Эх сурвалж:Л.НИНЖСЭМЖИД