Засгийн газрын өнөөдөр /2019.10.23/-ийн ээлжит хуралдаанаар 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм.
Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж зургаан асуудал хэлэлцүүлэх бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай, “Гэмт этгээд шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх юм байна.