Хувийн гэсэн шошготой Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд борооны дараах мөөг шиг үржсэн. Тэд хүүхэд тус бүрээс жил бүр 2-60 сая төгрөгийн төлбөр авдаг ч энэ мөнгөндөө сэтгэл нь ханадаггүй, улсын төсвийн бөөрөнд хачиг шиг шигдэн хувьсах зардал авч, ашиг орлогоо нэмэгдүүлдэг баримтыг updown.mn сайт цувралаар хүргэж байна.
Өмнөх нийтлэлд Монголын хамгийн өндөр төлбөртэй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын American school of Ulaanbaatar, Петровес ХК-ны захирал Жанчивын Оюунгэрэлийн Улаанбаатар Бритиш сургууль, Говь ХК-ны ТУЗ-ын гишүүн Цагааны Отгонбаатарын Глобал дунд сургуулийн төлбөр, хувьсах зардал нэрээр улсын төсвөөс авдаг татаасын хэмжээг дэлгэсэн. https://updown.mn/98493.html
Энэ удаа сургууль, цэцэрлэгийг ашиг олох хэрэгсэл болгон цэцэглүүлсэн, янз бүрийн нэршил оноон, олноор байгуулан ашиг олдог хүмүүсийг зарлаж байна.
Тэд бол УИХ-ын гишүүн Н.Учрал, Шинэ Монгол сургуулийн эзэн, Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн захирал Ж.Галбадрах нар.
Нэг: ШИНЭ МОНГОЛ
Ж.Галбадрах 2000 онд Шинэ Монгол ахлах сургуулийг байгуулсан байдаг. Нийслэлийн хувийн сургуулиуд дундаа нэр хүндтэйд тооцогддог энэ сургуульд эцэг эхчүүд хүүхдээ маш их өгдөг.
Тус сургууль 2018-2019 оны хичээлийн жилд 1431 хүүхэд суралцдаг гэсэн баримтыг БСШУ-ны яаманд гаргаж өгсөн бөгөөд хувьсах зардал нэрээр 626 сая 531 мянган төгрөг халааслажээ.
Хоёр: ШИНЭ МОНГОЛ ХАҮМАФҮЖИ
Тус сургууль 2018-2019 оны хичээлийн жилд 710 хүүхэд сургадаг гэсэн тооцоог өгч хувьсах зардлаас 282 сая 345 мянган төгрөг авсан бол хүүхдүүдээс сургалтын төлбөрт жилдээ тус бүр 4.8 саяыг хураадаг.
Гурав: ШИНЭ МОНГОЛ ТЕХНИКИЙН КОЛЛЕЖ
Ж.Галбадрахын Шинэ монгол техникийн коллежийн сургалтын төлбөр нь 4.5-4.7 сая төгрөг. Улсын төсвөөс энэ сургуульд 97 сая 650 мянган төгрөг очдог. Сургуулиар бизнес хийж, тэрбумын ашигтай ажилладаг Ж.Галбаатар захиралд энэ гурван сургуулиас өөр хоёр цэцэрлэг бас бий.
- Бяцхан Монгол http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/8215464
2.Бяцхан монгол дөрвөн улирлын цэцэрлэг
http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/8284075
Энэ хоёр цэцэрлэгийн нэрээр Ж.Галбаатарын дансанд 187 сая төгрөг очдог. 2019 онд Ж.Галбадрахын сургуулиуд нийлээд улсын төсвөөс 1 тэрбум 200 сая төгрөгийг авсан бол Шинэ монголын эзэд зөвхөн Шинэ Монгол ахлах сургууль болон Шинэ монгол Харүмафүжи сургуульд суралцдаг 2100 гаруй хүүхдийн эцэг эхээс 9 тэрбумыг хураан авчээ.
НЯМ-ОРОСЫН УЧРАЛ
Боловсролыг бизнес болгон хөгжүүлсэн өөр нэг хүн бол УИХ-ын гишүүн Н.Учрал. Олны мэдэх Их засаг дээд сургуулийг Н.Учралын эцэг Ням-Осор байгуулсан. Н.Учралын гэр бүл Улаанбаатарт цөөнгүй сургууль цэцэрлэгийг бий болгон улсын төсвөөр угжуулж байгаа. Тэдний хамгийн том нь Их засаг боловсрол лицей сургууль.
2018-2019 оны хичээлийн жилд Их засаг боловсрол лицей сургууль БСШУ-ны яаманд 481 хүүхэдтэй хэмээн бүртгүүлж, хувьсах зардлаас 171 сая 985 сая төгрөг авсан байна. Үүнээс гадна Н.Учралд хамааралтай доорх цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулж байна.
Нэг: Ням-Осорын Учралын нэр дээрх Гоц жаалууд цэцэрлэг
: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5750954
Хоёр: Н.Учралын ээж Жамбалын Цэцэгмаагийн нэр дээрх Их засаг Тэмүүжин цэцэрлэг
http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5589754
Гурав: Н.Учралын ээж Жамбалын Цэцэгмаагийн нэр дээрх Тэмүүжингийн анд цэцэрлэг
http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/825393
Улсын төсөв хэлэлцэх үеэр хамгийн их лообий хийдэг хүн бол УИХ-ын гишүүн Н.Учрал. Олон цэцэрлэг сургуультай, дээд сургууль, цэцэрлэгийг нь хасаад зөвхөн дунд сургуулийн 480 хүүхдээс багадаа тус бүр 3.2 сая, нийтдээ 2 тэрбумыг хураадаг Н.Учралд улсын төсвөөс хумслахгүй байх “ухаан төрдөггүй” нь гайхалтай.
Ямар нь улсаас зүгээр мөнгө авч, ямар нь татварыг бүрдүүлэлцэж, цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдрах ёстой вэ БСШУ-ны сайд Ё Баатарбилэг ээ!
Ихэнх хувийн сургуулиуд гоё нэр зүүж, гоё мөрөөдөл яриулж, гоё амлалт өгч, учир мэдэхгүй хүүхдүүдийн итгэл үнэмшлээр тоглон, хүүхдийнхээ төлөө гэсэн эцэг эхчүүдийн халаасыг сэгсрээд сууж байна. Аж ахуйн нэгжийн статусаар үйл ажиллагаа явуулж, улсад татвараа төлөөд амьдрахад болохгүй юмгүй эдгээр сургуулиуд Монголд үнэхээр хэрэгтэй юу.
Боловсролын салбарт төрийн болон хувийн хэвшил, нийслэл, орон нутаг ба хотын захын дүүрэг гэсэн ялгааг тогтоосон сургуулиудын орлого ингэхэд юунд, хэрхэн зарцуулагддаг юм бэ. Хүүхдүүд энд ямар хэмжээний боловсрол эзэмшиж байна вэ. Тэдний хүмүүжил төлөвшил ямархуу байдаг вэ гэдгийг судлах цаг болоогүй юу БСШУ-ны яамныхаан.
Жил жилийн намарт улсын төсвөөсөө мөнгө илүүчилж, хувийн сургуулиудын эздийн шуналыг улам дэвэргэж байдаг “хувьсах зардал” гэгчийн бизнест цэг тавих болоогүй юу. Ижил үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын төлбөрийн ялгаа юунд байдаг вэ. Бодлого төлөвлөгөөгүй, сургалтын тогтолцооны балгийг хэн хэзээ засах вэ.
Хэн нэг нь хувийн сургууль байгуулж өндөр төлбөр аваад, дээр нь ханахгүй арай гэж хүргэдэг улсын төсвийн халаас руу гараа дүрж болдог юм бол жирийн иргэд ч гэсэн улсын төсвөөрөө тэжээлгэх нь зөв биш үү.
Ямар нь ийм хангамжийн бүлэгт элсчихээд улсаас зүгээр мөнгө аваад амьдарч болоод байдаг юм. Ямар нь татварыг бүрдүүлэлцэж, цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдрах ёстой юм бэ БСШУ-ны сайд Ё Баатарбилэг ээ!
Үргэлжлэл бий…
Д.ЖАРГАЛАН
Баримтын жагсаалт:
Ж.Галбадрахын ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛЬ
Ж.Галбадрахын ШИНЭ МОНГОЛ ХАРҮМАФҮЖИ СУРГУУЛЬ
Тус сургууль Түмэн амгалан өргөө ХХК-ын нэр дээр байдаг бөгөөд Түмэн амгалан өргөө ХХК нь Ж.Галбадрахын компани юм.
Түмэн амгалан өргөө
Н.УЧРАЛД ХОЛБОГДОХ БАРИМТ:
ГОЦ ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГ
ИХ ЗАСАГ ТЭМҮҮЖИН ЦЭЦЭРЛЭГ
ТЭМҮҮЖИН АНД ЦЭЦЭРЛЭГ
6 comments
Ямар даварсан юм бэ. Эцэг эхчүүдээс хотойтол нь төлбөр авна. Дээр нь улсаас татаас авч яадаг байна. Эд нарт өгдөг мөнгөөр хэдэн сургууль нэмж барьсан бол ядаж ангид 40-50иараа чихэлдэж суухгүй байсан шт
яг тийм . тэр мөнгөөрөөрөө яагаад улсын цэцэрлэг сургууль барьж болдоггүй юм бол. хүүхдүүдийг сугалаагаар азтай азгүй болгож, 4 ээлжээр хичээллүүлж байх. нөгөө хүүхдүүдийг тэгш хамруулан ялгаварлахгүй сургах бодлого хаана байна? Тэртээ тэргүй хувийн сургууль цэцэрлэг төлбөрөөрөө хангалттай үйл ажиллагаа явуулна. Юуны төлөөх Мөнгө вэ Хувьсах зардал?????????
Shudarga tsarailsan uchral pz
ЯМАРЧ ОЮУТАНГҮЙ МӨРТЛӨӨ ЦААСАН ДЭЭР ОЮУТАН БҮРТГЭЭД УЛСААС ХУВЬСАХ АВААД ЯВДАГ МСҮТ-ҮҮД БАЙНАА. ШАЛГАДАГ ХЯНАДАГ ГАЗРУУДЫН МЭРГЭЖИЛТНҮҮД НЬ ХҮРТЭЛ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛСЫН МӨНГИЙГ ҮНЭГҮЙ АВЧ ХУВЬ АВЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ.
Шударга царайлсан нөхдүүд поп гарууд даа
Учрал боловсрол залуу багш нар гэж ам хуурайгүй ярьдаг ч яг үнэндээ өөрийн хүмүүсээ жижиг жижиг дарга болгох албан тушаалын ажил л хийдэг. Тиймдээ ч меритээр сонгогдохыг эсэргүүцээд байгаа юм даа. Үнэн царайтай худлаа хүн