Японы аврах албаны ажилчид сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаагаа Лхагва гариг (2019.10.16)-т үргэлжлүүлж байна. Тус улсад нүүрлэсэн хамгийн хүчтэй салхины улмаас амиа алдагсдын тоо 74-д хүрсэн талаар NHK мэдээлжээ.
Амралтын өдрүүдэд “Хагибис” хар салхи Японы бүлэг арлуудыг дайрсны дараа 12 хүн сураггүй болж, 220 гаруй хүн бэртэж гэмтжээ. Үүний зэрэгцээ Хонсю арлын зүүн хэсэгт 52 гол үерлэсэн байна.
Фукусима мужийн оршин суугчид хамгийн их хохирол амссан бөгөөд үерийн усанд автсаны улмаас эвдэрсэн тавилга, хогоо бөөгнүүлээд завгүй байгаа ажээ. Олон ахмад настан гэр орноо цэвэрлэж чадахгүйд хүрч, нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлаж буй юм байна.
2011 онд цөмийн гамшиг тохиолдсон газраас холгүй орших Дейт хотод фермер Масао Хираяма байшингийнхаа урд гудамжинд чийгтэй номуудаа хураахын зэрэгцээ ойр орчмынхоо хогийг ч бөөгнүүлж байгаа аж.
Байшин нь усанд автах үеэр түүнийг хүүгийнх нь хамт завиар нүүлгэн шилжүүлэх төвд хүргэжээ. Эхнэр, ач зээ, хамаатан садан нь салхи шуурганы үеэр тэнд хүргэгдсэн байна. Өдгөө 70 настай Хираяма “Би сэтгэлээр маш их унасан. Байшин болон тариалангийн багаж хэрэгслийг минь бүхэлд нь сүйтгэсэн. Үлдсэн нь газар л байна” гэж хэлжээ. Тэрбээр 1989 онд байшингаа барьсан бөгөөд дээд давхартаа амьдарч байгаад засвар хийхээр төлөвлөж байсан аж.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн засгийн газар гамшгийн хор уршгийг арилгахад 710 сая иен буюу 6.5 сая ам.доллар зарцуулахаа мэдэгджээ.
Эх сурвалж: REUTERS