Дэлхий даяар 16 настай идэвхтэн охин Грета Тунбергийг томчууд, нөлөө бүхий хүмүүсээс ч айж ичихгүйгээр шүүмжлэлийн үгээ хэлсэн тухай ярьсаар байна. Нэг хэсэг нь түүнийг баатар гэж үзэхэд байхад нөгөө хэсэг нь түүнийг улстөрийн ашиг сонихолд ашиглаж буй гэнэн охин гэцгээж байгаа юм. Тэгвэл гурав дахь хэсэг нь хүүхдүүдийг ер нь томчуудтай ийм өнгө аясаар ярих эрхгүй гэж ч үзэж байгаа аж.
Гэхдээ бид хүн хэдэн настайгаасаа үл хамааран өөрийн юу бодож санаж байгаагаа шууд илэрхийлэх эрхтэй гэж үзэж байна. Үүгээр ч зогсохгүй зарим хүүхэд бидний тэр насандаа хийж ч амжаагүй бүхнийг хийчихсэн сууж байгаа нь үнэхээр гайхалтай хэрэг биш гэж үү.
Дилан Зигель
Дилан Зигель 6 настайдаа найз Ионаг хүндээр өвчилснийг мэджээ. Түүний найз нь генетиикийн ховор төрлийн оноштой бөгөөд элэг нь глюкоз дахь гликогеныг боловсруулж чадахгүй болох нь тогтоогджээ. Хүү найзыгаа шоколад ч идэж чадахгүй байгаад маш их гайхаж, түүнд туслахаар шийдэв.
Диланы ээж нь ундаа хийхийг санал болгох буюу гэрийн жигнэмэг зарж багахан хэмжээний мөнгө олох санал тавьсан ч хүү өөр аргаар үзэхээр шийдэж, “Шоколадтай чихэр” хэмээх ном бичиж, интернэтээр худалдаалж, олсон мөнгөө найзынх нь ховор төрлийн өвчнийг судалж буй эрдэмтдэд хандивлаж эхэлсэн байна. Өдгөө Дилан 12 настай бөгөөд тэр 1,5 сая доллар цуглуулж чадсан байна. Одоо ч Ионатайгаа сайн найзууд хэвээр гэнэ.
Ионагийн эмч, нэрт судлаач Дэвид Вайнштейн санхүүжилтгүйгээсээ болоод судалгаа шинжилгээгээ үе үе зогсоох дөхөж байсан аж. Харин Диланы ачаар ажлаа үргэлжлүүлэх боломжтой болжээ.
Рэйчел Бэквис
Гунигтай хэдий ч 8 настай Рэйчел Бэквис охин өөрийн амь насаар хэдэн арван мянган хүний цангахаас аварч чадсан юм. 2011 онд тэрээр Африкийн олон хүүхэд ундны усны хомсдолд нэрвэгдсэн тухай мэджээ. Тухайн үед охин ээж аавыгаа ятгаж, төрсөн өдрөө хүртэл тэмдэглэхээ зогсоож, найз нөхөд, хамаатнуудынхаа бэлгэнд зарцуулах гэж байсан мөнгийг интернэт хуудсанд байршуулсан сайн үйлсийн дансанд шилжүүлжээ. Рэйчел африкчуудад туслахыг хүссэн юм.
Тэрбээр 300 доллар олохыг хичээж байлаа. Энэ нь 15 хүнийг аврах хэмжээний мөнгө байсан ч бараг 1/3 нь олдоогүй юм. Энэ явдлаас хойш 1,5 сарын дараа охин 13 автомашин мөргөлдсөн зам тээврийн аймшигт ослын цорын ганц хохирогч болжээ.
Рэйчел комд орж, төрөл төрөгсөд, найз нөхөд, энэ үйл явдлыг мэдэх хүмүүс охиныг аврах мөнгө цуглуулж, түүний сайн үйлсийн данс руу байршуулж эхэлжээ. Удалгүй Рэйчел ухаан орохгүй гэдэг нь тодорхой болж, дэмжих аппаратнаас салгасан бөгөөд охины эрхтнүүдийг өөр хүүхдүүдэд хандивлан шилжүүлжээ.
Рэйчелийн зарласан мөнгө цуглуулах аян 2011 оны аравдугаар сард дууссан юм. Энэ хугацаанд түүний дансанд 1 265 823 долларын хандив оржээ. Энэ мөнгөөр 60 мянга гаруй хүний ундны усны асуудлыг шийдвэрлэж чадсан аж.
Ачинтья Нильсен
Ачинтья Нильсен бол Индонезийн 2017 оны гоо бүсгүйн титмийг хүртсэн нэгэн юм. Гэхдээ түүний гол гавьяа нь улсаа бидний мэдэх диваажин хэвээр үлдээж чадсан явдал. Гоо охин сургуульд байхдаа л бензиний оронд энгийн ургамлын тосоор явдаг автобусны төсөл дээр ажиллаж байсан гэдэг. Өдгөө энэ автобус нь Балигийн алдарт “Ногоон сургууль”-ийн сурагчдыг зөөвөрлөдөг юм.
Кэти Стальяно
11 жилийн өмнө есөн настай Кэтид сургуулиас нь байцай тарих даалгавар өгчээ. Хариуцлагатай охин байцайгаа сайтар арчилж ургуулсаар 18 килограмм том байцай хураан авчээ. Ийм том ногоогоор юу хийхээ мэдэхгүй байсан сурагч охин нэгэн өдөр үнэгүй хоолонд дараалан зогсож буй орон гэргүй хүмүүсийг харжээ. Энэ үед л Кэти байцайг асрах газарт өгөхөөр шийдсэн байна. Охинд өөрийнх нь тарьж ургуулсан байцайгаар хийсэн шөлийг түгээхэд оролцох санал тавьжээ. Тэгтэл түүний тарьсан байцайгаар 275 аяга хоол хийсэн байна. Ингээд охинд дэлхий ертөнцийг өлсгөлөнгөөс аврах гэсэн хүүхдэд баймгүй мөрөөдөл төржээ. Удалгүй охин “Katie’s Krops” нэртэй сайн үйлсийн сан байгуулжээ.
Энэ явдлаас хойш 11 жилийн дараа амьдралын хүнд нөхцөлд аж төрж байгаа хүмүүст зориулан 100 цэцэрлэгт ногоо тарьж байна. Америкийн мянга мянган хүүхэд нийгмээ өлсгөлөнгөөс аврахын тулд энэ цэцэрлэгт хүчээ хайрлалгүй ажилладаг юм байна.
Павел Абрамов
Арзамасын есөн настай хүү гэрийн тэжээвэр амьтны зураг зурдаг байна. Гэхдээ тэр халаасны мөнгө олох гэж бус, орон гэргүй муур, нохдыг тэжээх хоол олохын тулд Паша хүү ажилладаг байна. Залуу зураач энэ санаагаа жил гаруйн өмнө буюу зуны амралтын эхэн үедээ олжээ.
Өдгөө Паша Арзамасын амьтны цорын ганц асрах байранд тус дэм болсоор байна. Тэрбээр зурсан зургаа каша, мах, халдваргүйжүүлэгч, гинж, хүзүүвч зэрэг шаардлагатай зүйлсээрээ сольдог. Эхэндээ зураач хүү зургаа өгөх хүнтэйгээ заавал биечлэн уулзаж, зургийн модель болсон амьтнаа харуулдаг байсан юм. Харин одоо түүнд Оросын өнцөг булан бүрээс захиалга өгдөг болжээ.
Кртин Нитхиянандам
Энэтхэг гаралтай залуу британи хүү Кртин Нитхиянандам анагаах ухааны од болох бүрэн боломжтой. Тэрбээр 15 насандаа Альцгеймерийн өвчнийг илрүүлэх боломжтой тест боловсруулжээ. Энэ тестийн ачаар энэ өвчний эхний шинж тэмдэг илрэхээс 10 жилийн өмнө илрүүлэх боломжтой юм байна. Үүний зэрэгцээ Кртины аргаар эмчлэгдэшгүй энэ өвчнийг ялж болно. Өсвөр насны энэ хүү тархины нэвтэрч, өвчний эхэн үед бий болдог мэдрэлд хортойгоор нөлөөлдөг уурагт бэхлэгддэг эсрэг биет боловсруулжээ. Лабораторийн туршилтаар энэхүү эсрэг биет нь хортой уургийг барьж аваад цаашид хөгжихөөс хамгаалдаг байна. Ингэснээр Альцгеймерийн өвчин нэмэгдэхээс сэргийлж чаддаг байна.
Отом Пелтьер
Канадад аж төрдөг 140 гаруй индиан омог өнөө хэр нь ундны цэвэр усны хэрэгцээгээ хангаж чадахааргүй нөхцөлд аж төрдөг. Тиймээс 13 настай Отом Пелтьер омгийнхноо хамгаалан босчээ.
Энэ охиныг Канад даяар мэднэ. Охин Анхдагч үндэстний ассамблей буюу европчуудыг ирэхээс өмнө Канадын газар нутагт аж төрж байсан индианчуудын ассамблейн хуралд оролцож, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдод уламжлал ус бэлэглэсэн байна.
Охин үгээ хэлэх гэж байсан боловч Ерөнхий сайд Уулын дамжуулах хоолойг өргөтгөх тухай төслийг батлах шийдвэр гаргасныг бодон уйлчихжээ. Тэрбээр Трюдод хандан “Би таны гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байна. Энэ бол буруу шийдвэр, миний ард түмэнд муу” гэж Отом мэдэгджээ. Ерөнхий сайд ч “Би ойлгож байна” хэмээн хариулсан байна.
2017 онд Отом Олон улсын эн тайвны хүүхдийн шагнал болох хүүхдийн Нобелийн шагналд нэр дэвшиж байсан юм.
Зөвхөн Грета Тунберг л томчуудын анхаарлыг татаж, дэлхийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаггүйг та эндээс харсан биз ээ. Зарим нь бүр бие даан зарим асуудлыг шийдвэрлэж байна. Харин та хүүхдүүд дэлхий ертөнцийг эергээр өөрчлөх чадвартай гэдэгт хэр итгэлтэй байдаг вэ?
Эх сурвалж: adme.ru