Морьтон монголынхоо малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах Талын түмэн адуу эвент түүхэн аялал жуулчлалын бүс нутаг гэж тодорхойлогдсон Хэнтий аймагт арваннэгдүгээр сарын 1-3-нд зохион байгуулах гэж байна.
БОАЖЯ, ЗГХА- Соёл, урлагийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ, Батноров сум болон бусад хувийн хэвшлийн компаниудын дэмжлэгтэйгээр “Мөнх харилцаа” ТББ -аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн Талын түмэн адуу эвентэд улс, аймгийн аварга адуучид болон адуу сонирхогч залуус 2,000 адуун сүрэгтэйгээ оролцоно. Мөн ӨМӨЗО-оос 10 гаруй адуучид уламжлал ёсоор ирж оролцох гэж буй нь арга хэмжээний бас нэгэн онцлог болж байна.
Энэхүү арга хэмжээ нь Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс 2015 оноос эхлэн жил бүр зохиогдож байгаа юм.
Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх гадаад, дотоодын томоохон жуулчдын урсгал бий болгоод зогсохгүй өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх, орон нутагтаа адуучдын авьяас, чадварыг алдаршуулах ач холбогдолтой гэдгийг ЗГХА- Соёл, урлагийн газраас онцолжээ.
Хэнтий аймаг нь Монгол Улсын төдийгүй дэлхийн хэмжээний түүхэн газар нутаг учир аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, байгалийн адал явдалт аялал, түүх соёлын аяллын төрлүүдийг нэгэн зэрэг хөгжүүлэх боломжтой нутаг юм. Тийм ч учраас Батноров суманд Андлалын өргөө цогцолбор, Норовлин суманд Шихихутагийн цогцолбор, Чингис хааны төрсөн нутаг болох Дадал суманд Тэнгэрийн хаалга цогцолбор болон Биндэр суманд Их хуралдай гэх мэт Монгол улсын засгийн газар болон азийн хөгжлийн банк зэрэг олон улсын донар байгууллагын санхүүжилттэй томоохон цогцолбор байгуулахаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
Энэ удаагийн “Талын түмэн адуу” эвентийн хөтөлбөрт дараах үйл ажиллагаанууд багтсан. Үүнд,
- Сүлдэнд мөнхөрсөн хүлэг адууны тухай дуу дуулаачдын тэмцээн
- ТОРГОН ТАР богино зайн бооцоот уралдаан
- Хэнтий аймгийн хэмжээнд Шилмэл гүү шалгаруулалт
- Адууны зүс нэршлийн танилцуулга
- Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа
- Уран уургач шалгаруулах ШУРГУУ 2019 тэмцээн
- Эмнэг булгиулах үзүүлбэр, тэмцээн
- Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн нэгдсэн бүтээлийн үзэсгэлэн
- Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
- Адууны хийморь гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн
- Удамт Монгол хүүхдийн морьтон парад зохиогдоно
- Баяр наадмын зочдод зориулсан хүндэтгэлийн тоглолт
Ийнхүү тал нутгийн чимэг болсон түмэн адууны баяр нь гэрэл зурагчид, олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татдаг болсон нь аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болох гарааг хэдийнээ бүрдүүлээд байна.