УИХ-ын гишүүн М.Билэгтийн горимын саналаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх асуудлын гуравдугаарт оруулж ирсэн.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
Уг хуулийн төслөөр 21 аймаг, есөн дүүрэгт эрт илрүүлгийн нэгж байгуулах бөгөөд 2020 оны төсөвт суулгах юм.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Зайлшгүй үзлэг, оношилгоонд хамрагддаг тогтолцоог яаж бий болгох вэ. Суманд, аймагт байгаа хүнд ийм боломж байна уу.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 21 аймаг, 9 дүүрэгт найман төрлийн хорт хавдрыг эрт илрүүлгийн төвтэй болох зорилготой. Хорт хавдрын өвчлөл нэмэгдэх хандлатай байгаа учраас энэ чиглэлд дэлхий нийтийн чиг хандлагыг энэ хуулийн төсөлд тусгасан. Бид аль болох орон нутагт үйлчилгээ үзүүлэх боломжийг хайж байна. Гэхдээ туяа эмчилгээний тухайд боловсон хүчин, зардлын тал дээр ч асуудал байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 29.3 тэрбум төгрөг төсөвт ачаалал үүсгэхгүйгээр шийдэх боломжтой учраас эрт илрүүлгэд анхаарал хандуулах нь зүйтэй. Архангай аймагт нэг жилд 179 хүн хорт хавдартай гэж оношлогдоод тухайн жилдээ 144 нь нас барсан тоо байна. Тэгэхээр энэ асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна. 3-5 жилийн хугацаанд 50 хувиар бууруулахаар сүүлийн 2-3 жилд Ж.Чинбүрэн эмчтэй хамтран 4000 гаруй хүнд үзлэг, оношилгоо хийхэд 40 гаруй нь хавдрын шинж тэмдэгтэй, 1-2 дугаар үе шатанд байсан. Аймаг бүрт компьютер томограф байна уу. Бүгдийг нь хангахад хичнээн хэмжээний төсөв хөрөнгө хэрэгтэй байна вэ. Цаашид бид урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг багаас нь олгох чиглэлээр ажиллах шаардлага байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 21 аймаг, 9 дүүрэгт хорт хавдрын эрт илрүүлгийн төвтэй болох зорилготой. Эрт илрүүлгэд чухал ач холбогдолтой компьютер томограф зургаан аймагт байхгүй байна. Төр засгаас хорь хавдрын оношилгоо, эмчилгээнд анхаарал хандуулан ажиллаж байна. ХСҮТ-ийн эмнэлгийн байрыг өргөтгөснөөр хоёр сарын хүлээгдэл 14-30 хоног болж буурсан.