2018 онд Монгол Улс 1363 нийтийн тээврийн хэрэгсэл импортолсон нь өмнөх оноосоо 13.4 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Энэ нь үнийн дүнгээрээ 35 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм. Нийслэлийн 2020 оны нийгэм, эдийн засгийн төлөвлөгөөний төсөлд ирэх жил нийслэлийн төсөв, дотоодын зээлийн санхүүжилтээр 350 эко автобус худалдан авахаар төлөвлөж байна.
Дотоодын зах зээлд “Монгол машин” компани өнгөрсөн жилээс эхлэн “Мон-30” цахилгаан автобусыг угсарч, зах зээлд нийлүүлээд байгаа аж. Эдийн засгийн үр ашиг талаас нь харвал цахилгаан автобусны ашиглалтын зардал дизель хөдөлгүүрээс 10 дахин бага болохыг “Монгол машин” компанийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан онцолж байсан юм.
Хэрэглээнд байгаа нийт автобусны дизель түлшинд өдөрт дунджаар 10 тэрбум төгрөг зарцуулдаг болохыг “ABB” компанийн Гүйцэтгэх захирал хэлж байв. Цаашдын хандлагыг харвал цахилгаан автобус 2040 он гэхэд дэлхийн нийт автобус борлуулалтын 70 хувийг эзлэх хүлээлттэй байгааг “BNEF”-ийн энэ оны цахилгаан автомашины төлөвийн судалгаанд онцолсон байна.
Цахилгаан автобусны зах зээлд БНХАУ тэргүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн эцсийн байдлаар дэлхийд дунджаар 425 мянган цахилгаан автобус үйлчилгээнд явж байснаас 99 хувь нь БНХАУ-д бүртгэлтэй байжээ.
Эх сурвалж: bloombergtv.mn