-Тоглоомын бизнесээ хөгжүүлж байхдаа хөдөө аж ахуйгаа багасгав. Автомашины татвараа 150% болгосон ч IT технологийг татваргүй болгов. Боловсролыг англи хэлээр, үнэ төлбөргүй болгов-
Нийслэл. Marina Bay Sands таван одтой тансаг зэрэглэлийн казино зочил буудал.Энд нэг өрөө нь 175 долларын үнэтэй. Энэ бол орчин цагийн хөгжин цэцэглэж буй Азийн улсын бэлгэдэл.
Сингапур улсыг 31 жилийн турш удирдсан экс Ерөнхий сайд Ли Куан Ю дэлхийн хамгийн ядуу арлуудын нэгийг дэлхийн хамгийн баян улс болгон хувиргасан юм.
ЭХЛЭЛ. Бүх зүйл ингэж эхэлсэн юм. 1963 онд Малайз, Сингапур улс Британийн эзэнт гүрнээс тусгаар тогтнолоо зарлаж, нэг улсад нэгдэх гэрээ байгуулав. Цаг үе амаргүй, энэ холбоо нь Сингапурын хятад, малайз, энэтхэг гээд янз бүрийн үндэстнүүдийн хооронд цуст тэмцлээр үргэлжилж байлаа. Мөргөлдөөн, хуулийн тухай ялгаатай төсөөллөөсөө болоод шинэ улс байгуулагдсанаас ердөө хоёрхон жилийн дараа буюу 1965 онд Сингапур Малайзын бүрэлдэхүүнээс гарчээ.
Киевээс талбайгаараа жижигхэн, өдгөө 5 сая гаруй хүн амтай энэ арал хүчээр тусгаар тогтнолоо зарлах үедээ үнэхээр хүнд байлаа. Байгалийн нөөц, тэр ч бүү хэл өөрсдийн гэсэн ундны усгүй энэ арлын хүн амын ихэнх хэсэг нь ядуусын хороололд гуйранчлалын ирмэгт амьдарч, татуухан төсөв авлигад идэгдчихсэн байв.
Сингапурыг Малайзаас салж байгаагаа зарлах хэвлэлийн хурлын үеэрээ Ли нулимсаа ч барьж дийлэхгүй байв. Хэдэн долоо хоногийн турш ийм хүнд хэцүү явсан тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар урт хугацаанд амралт ч авчээ. Тэр үед хэдэн аравхан жилийн дараа Сингапур манай гарагийн санхүүгийн нийслэл болж, нэг хүнд ногдох ДНБ нь 100 дахин өсөж, 55182 доллар болон дэлхийн хамгийн үзүүлэлттэй болно гэж бодож байсангүй.
Ли тусгаар тогтнолоо олж авсан даруйдаа шинэ улсаа олон соёлт нийгмийн үзлээр байгуулна гэдгээ мэдэгдсэн байна. Энд бүх шашныг хүндэтгэж, бүх үндэстэн ижил тэгш эрх олж авна. Энэ үзэл нь ч Сингапурт ус агаар мэт хэрэгтэй байсан юм. Учир нь энд олон үндэстэн, шашин холилдсон хүн ам бүрдүүлж байлаа. 76,8% нь хятад, 13,9% нь малайз, 7,9% нь энэтхэг, түүнчлэн англи, араб, еврей гээд олон үндэстэн бүрдсэн улс бий болсон юм. Хүн амынх нь 40% нь буддизм шүтдэг бол үлдсэн хэсэг нь Христ, лал болон бусад шашин шүтлэгтэй байв.
Шинэ улсын үндэсний үзэл санаа нь зүгээр ч нэг эх оронч хоосон лоозон байсангүй, харин олон хүн хуулийн дагуу шударга, тэгш эрхтэйгээр элбэг хангалуун амьдрах гэсэн прагматизм байсан юм.
НАМТАР. Ли-гийн өөрийнх нь амьдралын түүх олныг бишрүүлдэг юм. Хятадын цагаачдын гэр бүлийн гурав дахь үеийн төлөөлөгч байсан хүн. Түүний гэр бүл Сингапурт хэд хэдэн дэлгүүртэй байв. Дээр нь түүний авга эгч нь энэ улсын түүхэн дэх анхны эмэгтэй эмч юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Сингапур Азийн ихэнх хэсэг шиг япончуудад эзлэгдсэн байсан тул Ли орчуулагчаар ажиллахын тулд япон хэл сурчээ. Дайн дууссаны дараа Британи дахь Кембрижийн их сургуульд орж, эрх зүйн боловсрол эзэмшиж, эхнэртэйгээ танилцсан байна. Гэртээ эргэн ирээд тэр хуулийн фирм байгуулсан нь одоо ч амжилттай ажиллаж байна. 1955 онд Куан Ю парламентад сонгогдож, дөрвөн жилийн дараах сонгуулиар түүний нам олон болж, Ли Ерөнхий сайд болжээ.
Сонирхолтой нь, Сингапурын иргэд Ли Куан Ю болон түүний шинэчлэлийг ихэд хүндэтгэдэг ч түүний бодлогыг тэр бүр дэмжих нь үгүй. “Тэр манай гэр бүлд хөнгөлөлттэй орон сууц, боловсрол олгосон. Тиймээс бид бүгдээрээ түүнд өртэй. Тухайн үед амьдрал үнэхээр хүнд байлаа. Гэхдээ залуучууд үүнийг санахгүй л болов уу” хэмээн 65 настай Сум Чои Йок ярих аж. Харин 34 настай Вонг Чи Вай Засгийн газраа илүү нээлттэй байх ёстой гэж үздэг. “Ноён Ли тухайн цаг үедээ их ёстой бүхнээ хийсэн. Харин одоо дэлхий дахин ч, Сингапур ч олон зүйлээрээ өөрчлөгдчихөөд байна шүү дээ” гэжээ.
Хөрөнгө оруулагчид, биотехнологийн ангуучлал
Эдийн засагтаа тэрбээр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай байх боломжийг эрэлхийлсэн. Үүний тулд Засгийн газраас тогтоосон тодорхой салбарт нутгийн болон гадаадын үйлдвэрүүүдийг дэмжиж, татвараас чөлөөлж байлаа. 1970 онд эдгээр үйлдвэрлэлд нефть боловсруулах, хөнгөн үйлдвэрлэл, усан онгоцны байгууламж орж байсан бол дараа нь электроник, өндөр технологи орж байжээ. Эдгээр компанийг гаалийн татвар, орлогын албан татвараас таван жилээр чөлөөлж байв. Үүний үр дүнд Сингапур улс долоон жил дараалан дэлхийн бизнес эрхлэхэд хамгийн таатай улсаар шалгарч байлаа.
Ли Куан Ю-гийн явуулсан бодлогын үр дүнд Сингапур улсад гадаадын, тэр дундаа Америкийн компаниуд орж ирж, ажилгүйдлийн асуудал шийдэгджээ.
“Бид хөрөнгө оруулагч бүрийг талархан хүлээн авч байлаа. Тэдэнд үйлдвэрлэлээ эхэлж, бизнесээ хэвийн явуулахад нь туслахын тулд хамаг хүчээ шавхан ажиллаж байсан” хэмээн Ли Куан Ю “Сингапур: Гуравдагч ертөнцөөс анхдагч руу” дурсамж номондоо өгүүлсэн байдаг.
Сингапурын нэн тэргүүний салбаруудын нэг нь тоглоомын бизнес. Өдгөө тус улс Макао, Лас-Вегасын араас гуравт ордог тоглоомын диваажин улс болоод байна. Харин нутгийн иргэдээ тоглоомын донтон болгохтой тэмцэхийн тулд иргэддээ казинод 73 долларын төлбөр төлж ордог болгожээ.
Гэхдээ хэсэг салбарыг тэргүүлэгч салбар болгосон ч Засгийн газар бусад салбартаа бүрэн анхаарч чадаагүй. Тухайлбал, тус улс хүнс, эрчим хүчээ бараг бүхэлд нь импортолдог аж.
Сингапурт хөдөө аж ахуй, эрчим хүчний үйлдвэрлэл байхгүй. Харин электроник, хөлөг онгоц байгууламж, санхүүгийн үйлчилгээний салбар эрчимтэй хөгжсөн.
Хэдийгээр энэ улс байгалийн нөөцгүй ч задгай тэнгист нефть олборлох тавцангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч. Ерөнхийдөө Сингапурын Засгийн газар ирээдүйд дэлхийн эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэх салбаруудыг хамгийн түрүүнд оруулж ирэхийг хичээдэг аж. Өнөөдөр л гэхэд Сингапурт биотехнологийн салбар сонирхолтой байна. Мөн арлын байршлын давуу талаа дээд зэргээр ашиглаж, боомтоо Шанхайн боомтын дараа ордог тэргүүлэгч болгож чаджээ. Түүнчлэн “Чанги” нисэх онгоцны буудал Зүүн Өмнөд Азийн агаарын тээврийн гол зангилаа болж, жилд 36 сая гаруй зорчигч хүлээн авдгаараа дэлхий хамгийн шилдэг нисэх онгоцны буудлаар хоёр жил дараалан нэрлэгдсэн юм.
Сингапур татварын системээ дээд зэргээр хялбаршуулж чадсан. Энд ердөө л 5 хувийн татвар ногдуулдгийн 1 нь ашгийн татвар юм. Иргэдийн орлого өндөр байх тусам татвар нь нэмэгдэх зарчимтай.
Мөн дөрөвхөн төрлийн барааг оруулж ирэхэд татвар төлнө. Энэ нь автомашин, архи, тамхи, нефтийн бүтээгдэхүүн юм. Үл хөдлөх хөрөнгийн татвар гэж бий. Орон сууцны нийт өртгийн 4%-ийг эзэмшигч нь амьдрахаар төлөх бол түрээслүүлж буй бол 10 хувийг төлнө.
Сингапурт нийтийн тээврийг түгээн дэлгэрүүлсэн. Тиймээс автомашин эзэмшинэ гэдэг тансаглал юм. Автомашин худалдан авах бол түүний үнийн 150%-тай тэнцэх хэмжээний татвар төлнө. Дээр нь машин эзэмшигчийн гэрчилгээг 42 мянган доллараар худалдан авах хэрэг гарна. Гэхдээ 718 км.кв талбайтай энэ улсад машин байхгүй байна гэдэг асуудал биш.
Төрөлтийн хөнгөлөлт, бохины хориг
Сингапурын гол нөөц бол хүмүүс юм. Үүнийг ч Ли байнга баталдаг байлаа. Тиймээс төрөөс боловсрол, эрүүл мэнд, иргэдийн сахилга батад их хэмжээний мөнгө зарцуулдаг. 1970-аад онд л тус улсын бүх дунд сургуульд англи хэлийг заавал үзэх хичээл болгож, бүх их, дээд сургуулийг энэ хэлээр хичээл ороход шилжүүлж байв. Харин одоо англи хэл нь малайз, мандарин, тамиль хэлтэй хамт Сингапурын албан ёсны хэлний нэг болоод байна.
Үүнээс гадна 1980-аад онд Засгийн газраас оюутнуудыг дэлхийн шилдэг их сургуульд сургахад мөнгө зарцуулж эхэлсэн. Үр дүнд нь бүгд англи хэлийг өндөр түвшинд эзэмшиж, олон улсын шилдэг боловсролтой, дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц болж чадсан байна. Гэвч Сингапур ингээд зогсохыг хүссэнгүй, төсвийнхөө 20 орчим хувийг боловсролд зарцуулах гэж байна. Энд багш нарын чадавхийг байнга дээшлүүлэхэд анхаарч, “мэргэжлийн хөгжил”-ийн жилийн 100 цагийн хөтөлбөр гаргаж өгчээ.
Сингапур бол хүүхдийн нас баралт хамгийн доогуур үзүүлэлттэй улсын тоонд ордог. Энд хүний дундаж наслалт эрэгтэйчүүд 79, эмэгтэйчүүд 83 байдаг. Энэ нь эрүүл мэндийн заавал даатгалын систем бий болгосонтой холбоотой. Ингэхдээ төрөөс орлого багатай иргэдийн даатгалыг төлдөг. Ерөнхийдөө Сингапурын иргэд анагаах ухааны хөгжил, эрүүл амьдралын хэв маягийн сурталчилгаагаараа дэлхийн хамгийн эрүүл иргэд гэж явдаг.
Засгийн газраас суралцах, гэр бүлтэй болох гэж буй иргэдэд татварын хөнгөлөлт тогтмол олгодог. Өндөр боловсролтой эмэгтэйчүүдийн дунд үр хүүхэд төрүүлэх нь багассан тул төрөөс тэднийг хүүхэд төрүүлэх нөхцөлд татварыг нь багасгах шийдвэр гаргажээ.
Авлигыг устгах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд Сингапур улс 1970-аад оноос ядуусын хороолол, орон сууцны таагүй нөхцөлтэй тэмцэхэд мөнгө хаяж эхэлсэн байна. Өдгөө энд бараг бүх иргэн нь үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Хамгийн ядуу хүн ч өөрийн гэсэн хөрөнгөтэй. Тэдэнд ипотекийн хөнгөлөлттэй зээл олгодог байна.
Сингапур бол гэмт хэргийн түвшин хамгийн бага улс
Энд зөвхөн ирээд удаагүй жуулчид л метро, олон нийтийн газарт мартсан юмныхаа төлөө санаа зовнидог. Харин энд удсан, эндхийн иргэд бол гар утас, түрийвчээ энд тэнд мартчихсан бол хэсэг хугацааны дараа ирэхэд ч байж л байдгийг мэднэ. Сингапурт ер нь бараг нэг ч хулгай гардаггүй бөгөөд 2-3 сард л нэг удаа гэмт хэрэгт бүртгэгдэх нь бий. Магадгүй энэ нь Сингапурт одоо ч хулсан банзаар банздах шийтгэл хэвээр байдагтай холбоотой биз ээ. Ли Куан Ю өөрөө ч ийм шийтгэлийг дэмжигчдийн нэг байсан юм.
“Иргэд Сингапур улсаа торгуулийн орон гэж шоглон нэрлэдэг юм. Энд таныг жижигхэ мэт санагдах ямар ч зөрчилд ногдуулж мэдэх торгуулийн асар урт жагсаалт бий” хэмээн Сингапурын менежментийн их сургуулийн эрх зүйн профессор Южин Тан мэдэгджээ.
Тухайлбал, энэ улсад бохь авч орохыг хориглодог. Мөн олон нийтийн газар нусаа нийх, шүлсээ хаях, нийтийн 00-д усаа татаагүйн төлөө торгууль төлнө. Метронд ямар нэгэн юм идвэл 500 сингапур доллар буюу 370 долларын торгуультай. Тусгай цэгээс бусад бүх газарт тамхи татвал үүнээс хоёр дахин өндөр торгуультай.
1990-ээд онд Засгийн газраас бохитой тэмцэх зорилгоор худалдаалах, оруулж ирэхийг хүртэл хоригложээ. Ерөнхий сайд Ли тухайн үед бохь нь улс орныг бохирдуулж, нийтийн үйлчилгээнийнхэн тээвэр, гудамж, цэцэрлэгийг байнга цэвэрлэхээс өөр аргагүй болдог гэж тухайн үедээ шуугиан тарьсан мэдэгдэл хийж байлаа.
Бохины хориг нь Ли-г шүүмжилдэг цөөн хоригуудын нэг. Тухайлбал, энд хэвлэл мэдээллийг бүрэн хянаж, эсэргүүцлийн ямар ч хөдөлгөөн хийхийг хориглодог. Ли-гийн хувьд “хүчтэй гар” гэсэн онолыг дэмжигч байсан болохоор өрнөдийн орнуудыг хэтэрхий либеральчлагдсаныхаа горонд эмх замбараа нь алдагдсан гэж үздэг байлаа. Ли-гийн Засгийн газар ямар ч шүүмжлэлийг хүлээн авдаггүй байсан учраас сөрөг хүчнийхнийг шоронд хийчихдэг байлаа. Ли-гийн нам 1959 оноос хойш засгийн эрхэнд байгаа ч парламентад сөрөг хүчин орж ирсэн тохиолдол тун цөөн. Мөн хэвлэлийн эрх чөлөөгөөрөө үргэлж сүүлийн байрт бичигддэг.
Сонирхолтой нь Сингапур хэдий баян орон боловч ардчилал төдийгүй аз жаргал байхгүй нь харагддаг. Санал асуулгуудаар сингапурчууд Латин Америк, Афганистан, Йемений ядуу иргэдээс илүү аз жаргалгүй болох нь тодорхой болжээ.
Авлигатай хийсэн тэмцэл ба эрхэм нөхөр нь амиа хорлосон нь
“Авлигатай тэмцэхийн тулд гурван найзаа суулгахаас эхэл” гэсэн Ли Куан Ю-гийн хэлсэн үг бий. Энэ үгийг тэр зүгээр ч нэг хэлээгүй, амьдрал дээр хэрэгжүүлсэн юм.
Тэрбээр ард түмний дунд “Халдварт шуналыг мөрдөн шалгах хороо” нэрээрээ алдаршсан авлигатай тэмцэх байгууллага байгуулж, энэ байгууллагадаа шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнийг саатуулах, нэгжих, дансыг нь шалгах эрх олгожээ.
Энэ шалгалтад Ли-гийн гэр бүлийн гишүүд, хамтрагчид нь оролцож байсан аж. 1987 онд Ли-гийн хамгийн дотны нөхөр гэгдэх Хөгжлийн сайд Те Чин Вангт болсон зүйл хамгийн их дуулиан тарьж байлаа. Шалгалтаар тэр хагас сая сингапур долларын өртөгтэй хоёр авлига авсан болох нь тогтоогдсон аж. Өөрийг нь шалгаж байгааг мэдсэн Ванг Ерөнхий сайдад захидал бичиж үлдээгээд амиа егүүтгэжээ.
“Би эмх журамтай жентльмен хүний хувьд алдаа гаргасныхаа төлөөсийг хамгийн өндөр үнээр төлөх ёстой” гэж бичсэнийг нь Ерөнхий сайд парламентын индрээс уншиж байлаа. Энэ нь өндөр албан тушаалтан авлигачдад том цохилт болж, олон хүн улс орноосоо зугтсан юм. Гэхдээ одоо ч авлигын хэргээр ял эдэлж байгаа албан тушаалтнууд бий.
Хуулийн олон утга, ойлгомжгүй байдлаас болж авлигын үүд нээгддэг тул Сингапур улс татвартай холбоотой бүх хууль тогтоомжоо хялбаршуулсан байна. Мөн олон төрлийн лиценз, зөвшөөрлийг цуцалжээ. Шүүгчдээр улс орондоо нэр хүндтэй, хамгийн шилдэг гэсэн хувийн өмгөөлөгчдийг ажиллуулж, цалинг нь хэдэн зуун мянган доллар болгожээ. Төрийн албан хаагчдын цалинг ч мөн том компаниудын цалинтай зэрэгцүүлжээ.
Эх сурвалж: www.segodnya.ua