Хүүхдийн эрхийн конвенцийн 30 жилийн ойг тохиолдуулан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Трайан Лауренти Христеа, ЮНИСЕФ-ийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар Нийслэлийн 35-р сургуульд зочилж, 9-10 насны 100 орчим хүүхдүүдтэй уулзан, хүүхдийн эрх, агаарын болон бохирдлын талаар ярилцлаа.
Энэ үеэр “Дэлхийн хүүхдүүд аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн их өртдөг тул тэд өөрсдийгөө хамгаалж сурах хэрэгтэй болдог. Агаарын бохирдлын сөрөг үр дагаварын эсрэг хамгийн түрүүнд авч болох арга хэмжээ нь амны хаалт зүүх” хэмээн Европын холбооны Элчин сайд Трайан Христеа хэлэв.
Хүүхэд бүр аюулгүй төрж өсөн, хайрлаж халамжлуулан, цэвэр аюулгүй орчинд өсөх эрхтэй. Гэвч Улаанбаатар дахь агаарын бохирдлын түвшин ДЭМБ-аас аюулгүй хэмээн үзсэн агаарын чанарын түвшнээс 6-10 дахин өндөр байгаа юм. Тиймээс Европын Холбоо болон ЮНИСЕФ хүүхэд бүрийн эрхийг хамгаалж, дэмжих амлалтаа дахин батлан илэрхийлж хүчээ нэгтгээд байна. Европын Холбоо хорт агаарын нөлөөг багасгах чухал арга хэмжээний нэг болох амны хаалт зүүхийг олон нийтэд сурталчлан таниулах кампанит ажлыг санхүүжүүлжээ.
ЮНИСЕФ-ийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Агаарын бохирдлын нөлөөг багасгахын тулд хүмүүс юу хийж чадах тухай мэдээлэл, зааврыг бид тасралтгүй өгч байх хэрэгтэй. Гэр, байшин доторх агаарын чанарыг сайжруулах нь их чухал. Жишээлбэл, гэртээ агаар цэвэршүүлэгч тавих, бохирдлын оргил цагт цонхоо хаах гэх мэт. Бид амьдралынхаа 80-90 хувийг дотор орчинд өнгөрөөдөг. Хүмүүс гадагшаа гарахдаа бохирдлын оргил цагаас зайлсхийх, баталгаатай, шүүлтүүр сайтай нүүр, амны хаалт зүүх хэрэгтэй.
Мөн хүүхдүүдийнхээ ерөнхий эрүүл мэндийг анхаарч байх нь хамгийн чухал. Тэжээллэг хоол хүнс хэрэглэх, вакцинд хамрагдах, хүүхэд өвдсөн тохиолдолд цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй” гэдгийг онцолж байв.
“Амьсгалах эрх” төслөөс хэрэгжүүлж буй кампанит ажлыг People in Need/PIN/ олон улсын төрийн бус байгууллага хэрэгжүүлж байгаа ажээ. Энэхүү кампанит ажлын хүрээнд Улаанбаатар хотын таван дүүргийн 20 сургуулийн хоёр мянга орчим хүүхдэд амны хаалт зүүх ач холбогдлыг сурталчлан таниулсан байна.
Дэлхийн хамгийн олон орон батлан соёрхсон хүний эрхийн гэрээ болох НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийг Монгол улс 1990 онд буюу хамгийн анх баталсан орнуудын нэг билээ.