Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн угаарын хийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогод 43 хорооны 61 өрхийн 122 хүн өртсөн байна. Үүнээс хүлээн авахаар эмчлүүлсэн 58, зөвлөгөө авч буцсан 39, хэвтэн эмчлүүлсэн 11 иргэн байна. Гэртээ нас барсан зургаан иргэн байна гэж харамсалтай тоо гарлаа.
Сайжруулсан түлшийг анх үйлдвэрлэж эхэлсэн 2018 оноос эхлэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилж байсан. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS 56:79:2019 стандартыг барьж шинжилж байсан. Үүнээс гадна галлагаа эхэлж буйтай холбогдуулан есдүгээр сарын 19-нд Тавантолгой түлш компанийн агуулахад болон борлуулалтын цэг, үйлдвэрлэлийн дамжлагад байгаа түлшнүүдээс дээж авч шинжилсэн. Эдгээр шинжилгээний дүнгүүд тухайн үед стандартын шаардлагуудыг хангасан гэж гарсан.
Сүүлийн өдрүүдэд хүмүүс олноор хордож, амиа алдсантай холбогдуулан тухайн айлуудын хэрэглэсэн түлшүүдийг мөн шинжилсэн. Шинжилгээг Ашигт малтмал, газрын тосны газрын лаборатори, Геологийн төв лабораторид өгсөн. Энэ лабораториуд мөн Стандартчилал хэмжилзүйн газрын итгэмжлэлтэй, ийм төрлийн бүтээгдэхүүнийг шинжлэх эрхтэй байгууллагууд юм. Шинжилгээгээр сайжруулсан түлшний чийглэг стандартаараа 10 буюу түүнээс доош байх ёстой бол Тавантолгой түлш 3 ба түүнээс доош байсан. Харин Багануурын нүүрс 39.3, Налайхын нүүрс 22 байсан. Түүхий нүүрс сайжруулсан түлшний стандартаас 2-3 дахин их байв.
Дэгдэмхий хий буюу угаарын хий сайжруулсан түлшинд 22-оос бага байх ёстой бол Багануурын нүүрсэнд 43.9, Налайхын нүүрс 42.5 гэсэн өндөр байсан. Илчлэг нь Багануурынх 3296, Налайхынх 4250, стандарт 4200-гаас дээш байх ёстой бол сайжруулсан түлшний 6200 буюу түүхий нүүрснээс хоёр дахин өндөр гарч байсан. Тийм учраас сайжруулсан түлш Монгол Улсын мөрдөгдөж байгаа стандартыг хангаж ахуйн хэрэгцээнд хэрэглэж болно гэсэн дүн гарсан.
-Тэгвэл хордлого юунаас болж байна вэ?
-Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийнхэн гээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр айлуудаар явсан.Тэгэхэд ханан пийшин нь хагарсан, зуухныхаа янданг хаасан, зун 7-8 сард их хэмжээний бороо орсон тул яндангийн хөө норж, лаг болж барьцалдсаныг цэвэрлээгүй гэх мэт нөхцөл байдлууд харагдсан. Сайжруулсан түлш шинжилгээгээр стандартын шаардлага хангаж гарсан юм чинь зуух болон буруу түлсэн зэрэг нь угаартах нөхцөл үүсгээд байна уу гэж мэргэжлийн хяналтын байгууллага үзэж байна. Тийм учраас айлуудын зууханд анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Зуухаа галлаж, галлаж байх үедээ эрүүл мэндээ яаж хамгаалах ёстой гэх мэтийн зөвлөмжийг хэвлүүлэн бүх айл өрхүүдэд хүргэх арга хэмжээ авч байна.
-Өмнөх жилүүдэд иргэд түүхий нүүрс хэрэглэж байсан. Тэр үед угаарын хийд хордож, ингэж анхаарал татах хэмжээнд байгаагүй?
-Өмнөх жилүүдэд угаарын хийд хордож нас барах тохиолдлууд гарч байсан. Гэрийн нөхцөлд амиа алдсан учир эрүүл мэндийн байгууллагуудад ирдэггүй, ахуйн нөхцөлд нас барсан учир цагдаад бүртгэгддэг. Энэ жил яагаад ингэж тод илэрч байна гэхээр сайжруулсан түлш утаагүй, үнэргүй. Түүхий нүүрс түлж байх үед иргэд утаа, угаар гарахад өмхий үнэртээд мэдэгддэг учир сэрэмжилж чаддаг байсан. Харин сайжруулсан түлш утаагүй учир гэрт нь угаар байгааг мэдэхгүй байсаар хордлогод орж байна. сайжруулсан түлшээр гал асаах үед, унтарч байх үед угаар гардаг нь угаартсан хүмүүсээс харагдлаа. Орой 8-9 цагийн үед иргэд эмнэлэгт ирж байна. Хэсэг чимээгүй байгаад үүрээр хүмүүс ирж байна. сүүлийн өдрүүдэд онцгой, цагдаа, эрүүл мэндийн газар, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл оролцсон баг НМХГ-т шөнө жижүүрлэн ажиллаж байна. Иргэд унтахдаа пийшиндээ нүүрс дүүргээд, илчээ хадгалах гэж хавхлагаа хааж байгаа нь угаарын хийд хордох нөхцөл үүсгэж байна.