УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр (2019.10.08) хуралдаж нэр бүхий гишүүдийн ёс зүй ба ХОМ-тэй холбоотой асуудлыг болон тус хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх байсан юм. Гэвч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хурал болсонгүй. Энэ талаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Ёс зүйн дэд хорооны хурал хойшлогдсон шалтгаан нь ирц хүрээгүйтэй холбоотой байх. Хэчнээн гишүүн ирээгүй вэ?
-УИХ-ын Ёс зүйн дэд хороо дүрмээрээ УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцэхэд 2/3-оор буюу 9 гишүүнээс 6 нь ирж байж ирц бүрдэх ёстой. Гэтэл дэд хорооны ирц таван гишүүнээр гацчихаад байна. Засгийн газрын гишүүн Х.Баделхан, Л.Мөнхбаатар нар дотооддоо, Д.Сарангэрэл гадаадад томилолттой байгаа. Тэгэхээр нэг хүнээр ирц дутаад бүрдсэнгүй. Уг нь энэ гурван гишүүн хурлын товыг мэдэж байгаа. Өмнө нь мөн ирц бүрдээгүйгээс хуралдаж чадаагүй. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцээд энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Ёс зүйн дэд хороо хуралдана гээд заачихсан. Тийм учраас тэр хүмүүст мэдээлэл хангалттай хүрсэн байх ёстой. Ажил төрлөө зохицуулаад ирэх бололцоотой. Ирээгүй учраас энэ хүмүүсийн нэрсийг зориуд хэлж байна.
Хоёрдугаарт, давхар албан тушаалтай нөхдийг, Засгийн газрын гишүүдийг чөлөөлж өг гэж би Их хурлын чуулган дээр хэлсэн. Тийм учраас Х.Баделхан, Д.Сарангэрэл нар чөлөөлөгдөж байгаа. Намын бүлгийнх нь дарга албан бичгээ ирүүлсэн байгаа. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад “Хуралд суудаггүй Б.Наранхүү гишүүнийг өөрчилж өг” гэж би бараг сарын өмнө уриалга хэлсэн. Тус зөвлөлөөс Б.Пүрэвдорж гишүүнийг санал болгосон. МАН-ын бүлгээс Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр нарын гишүүдийг Засгийн газрын хоёр гишүүнийхээ оронд оруулъя гэж саналаа ирүүлсэн. Ингээд энэ асуудлаар маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ёс зүйн дэд хорооны бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулаад, түүнийг нь энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ёсчлоод, дараа нь албажих юм. Тэгээд ирэх долоо хоногт шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр 2/3-оор хурлаа хуралдуулах хэрэгтэй.
-Өнөөдөр хэлэлцэх асуудалд багтсан гишүүдэд ямар хариуцлагын асуудал яригдах вэ?
-Бид хоёр асуудал төлөвлөсөн. УИХ-ын нэгдсэн чуулганыг тасалдуулаад байсан, гишүүдийн картыг сугалаад байсан Шадар сайд Ө.Энхтүвшиний ёс зүйн асуудал, мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өчнөөн минутаар тасалдуулсан Д.Пүрэвдорж гишүүний ёс зүйн асуудлыг тус тус ярих ёстой байсан юм. Хоёр дахь асуудал нь бол “УИХ-ын гишүүдээс, тухайлбал М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат гэсэн гурван гишүүний хөрөнгө орлого нь хэд дахин нэмэгдсэн байна. Үүнийг шалгаж өгөөч. АТГ-т хандлаа, АТГ хуулиас хүлээсэн үүргийнхээ хүрээнд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд албан тоот ирсэн учир танайх шалгах юм байна” гэж “Бид уучлахгүй” гэдэг хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг шаардлага ирүүлсэн.
Бид УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрмийн шинэ төслийг боловсруулж байгаа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа нь маш хязгаарлагдмал. Жишээ нь, ёс зүйн алдаа гаргасан нөхдөд ямар хариуцлага оногдуулах вэ гэвэл, сануулах, шаардлагатай бол гишүүний ёс зүйн зөрчлийн асуудлыг холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлэх, ёс зүйн зөрчлийн асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх гэсэн цөөхөн заалт байгаа юм. Тэгэхээр бид шинэ дүрмээр өөрчлөх ёстой. Мөн процедурын хувьд их удаан үргэлжлэх юм билээ. Ирэх долоо хоногт Ёс зүйн дэд хороог хуралдуулж гурван гишүүнтэй холбоотой асуудлыг шуурхай эхлүүлэхийн тулд би нэг гишүүнээр тухайн гишүүдийн ирүүлсэн тайлбараа өг гэж бичиг хүргүүлээд, тайлбартай нь танилцаж дүгнэлт гаргахаар Их хурлын гишүүнд хуваарилаад өгчихсөн байгаа. Тэгэхээр ирэх долоо хоногт Ёс зүйн дэд хороо хуралдахаар бид гурав хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй, нэг гишүүнээр нь ахлуулаад Ажлын хэсэг гаргана. Ажлын хэсэг нь ажлын 21 хоногийн дотор тэр өргөдөл, санал гомдлыг шалгаж, дүгнэлтээ Ёс зүйн дэд хорооны хурлаар оруулна. Багагүй хугацаа орно.
“Бид уучлахгүй” хөдөлгөөнийхний залуусын шаардлагад, Авлигалын эсрэг хуулийн 13.2-т УИХ-ын гишүүн, төрийн дээд албан тушаалтнуудын асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг биш, шууд АТГ, хуулийн байгууллага нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд шалгадаг хуулийн зохицуулалтыг хийж өгөөч гэсэн. Энэ бол зөв, хуулийн төслийг нь би санаачлаад явъя, батлуулахын төлөө хамтдаа ажиллая гэж тэр залууст хэлээд байгаа юм. Зөв шаардлага тавьж байгаа асуудлыг ажил болгоно.
-Б.Пүрэвдорж гишүүнийг АН-аас санал болгосон гэсэн. Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг тасалдуулсан гэдгээр нь авч хэлэцэнэ гэнэ. Өөрийнх нь асуудлыг өөрөө сонгогдож байгаа дэд хороогоор хэлэлцэх нь байна шүү дээ?
-Ёс зүйн дэд хорооны гишүүдийн асуудлыг ч авч хэлэлцэнэ. Ёс зүйн дэд хорооны гишүүдийн асуудлыг хэлэлцэхгүй гэсэн ойлголт байхгүй. Ёс зүйн дэд хорооны есөн гишүүн маш өндөр хариуцлагатай бай, хуралдааны дэгийг чанд сахиул, хөрөнгө орлогын асуудлаа нягтла, ямар ч асуудалгүй болго, бид өөрсдөөсөө эхлээд хариуцлагатай, ёс зүйтэй байж бусад гишүүддээ шаардлага тавина. Тэгж байж бусад төрийн албан хаагчиддаа үлгэрлэнэ гэж би шаардлага тавьж хэлдэг.
-УИХ-ын гишүүд ёс зүйгүй байна, хариуцлагагүй байна гэж их яригдаж байна. Гэтэл Ёс зүйн дэд хороо нь хуралдаж чадахгүй удлаа. Үүний цаана ямар нэгэн зохион байгуулалттай зүйл явагдаад байна уу. Эсвэл Б.Бат-Эрдэнэ дарга өөрөө хурлаа даргалж чадахгүй байна уу гэдэг зүйл яригдаж байна.
-Өмнөх Ёс зүйн дэд хорооны дарга нь хуралддаггүй, дэд хороо нь дүрмээ биелүүлээд гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, хариуцлага хүлээлгэх, ядаж байнгын хорооны ирцийг бүрдүүлэх чиглэлээр шаардлага тавьдаггүй байсан. Би долдугаар сард энэ ажлыг аваад, УИХ-ын чуулган дээр байнга шаардаж байгаа. Тийм учраас хангалттай ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Би гишүүддээ бүгдэд нь мэдээлэл хүргэсэн. Төлөвлөгөөнд орсон, гэтэл ирэхгүй байна шүү дээ. Ирэхгүй байгаа гурван хүний нэрийг нь ч хэллээ.
-Б.Наранхүү гишүүн өнөөдрийг хүртэл Ёс зүйн дэд хорооны гишүүн байсаар байна. Өнөөдөр хариуцлага тооцохоор төлөвлөсөн гишүүдийн тоонд багтаагүй л байна. Тэгэхээр Б.Наранхүү гишүүний асуудлыг тусад нь авч үзэх юм уу?
-Тусад нь авч үзнэ.
-Гурван гишүүн тайлбараа нотлох баримттайгаа ирүүлсэн үү?
-Тайлбараа ирүүлсэн. Тэрийг ёс зүйн дэд хороо хуралдаж байж хэлэлцэнэ. Тэд Ёс зүйн хорооны хуралтай гэдгийг хангалттай мэдсээр байж ирээгүй. Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг шиг, Засгийн газрын хоёр гишүүн солигдохоо мэдэж байгаа ч төрийн албаны ажлаа хийх ёстой шүү дээ.
-Хариуцлага тооцлоо гээд зүгээр л дэд хорооноос хасаад өнгөрөх юм уу?
-Ёс зүйн дүрмээ өөрчлөх юм бол өнөөдрийн яригдаад байгаа асуудлууд болох гишүүд бизнесийн үйл ажиллагаанд оролцдог, уул уурхайн лицензүүд авдаг, тендерт ордог, төр, ард түмний нэр барьж авдаг бондууд, ЖДҮ-ийн болон болвсролын сангийн зээл авдаг, ойрын хүмүүсээ төрийн албан тушаалаар угсаа залгуулан томилдог гэх мэт бүх асуудлыг хааж өгнө. Тиймээс шинэ дүрэм боловсруулж байгаа.
-Ёс зүйн дэд хорооны гишүүнийг сонгохдоо ямар шаардлага тавьдаг вэ?
-Ерөнхийдөө УИХ-ыг бүрдүүлж байгаа намын тэнцвэрт байдалтай холбоотойгоор, тухайлбал одоо ажлын хэсэг гаргахад намын харьяаллыг нь харгалзан үзэж байж томилно.