Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан “Тавантолгой түлш” ХХК-аас мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал өмнөх жилүүдэд байсан. Олон мянган нүүрсний уурхай нүүрс олборлож хүн гэр хорооллын иргэдэд нүүрс хүргэх гэж амь насаа алддаг. Олон мянган хүн нүүрсний хорт хийнд угаартдаг. Нэг сая 500 улаанбаатарчууд багтраа өвчин утаандаа хорддог.
Энэ ажлын эсрэг эхлүүлсэн ажлыг бид хийж байгаа гэж бодож ажиллаж байгаа. Бид 2014 онд батлагдсан стандартын дагуу анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2019 онд энэ стандарт 20-30 хувиар чангарч шинэчлэгдсэн. Бид ч энэ хүрээнд өөрсдийн үйл ажиллагаагаа зохион байгуулж ажиллаж байгаа. Бид өнөөдөр технологийн горимоо нууж хаах зүйлгүй ярихаар ирсэн. Бид долоо хоног болгон мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгч үйлдвэрлэлийн горимоо шалгуулдаг” гэдгээ онцолсон юм.
Харин тус компанийн ерөнхий инженер “Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан “Тавантолгой түлш” ХК-ийн бүтэн жилийн хөдөлмөр үнэгүйдэх нөхцөл байдал үүсээд байна. Манай технологи Монголын нүүрсний эрдэмтэн мэргэжилтнүүдийн 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон.
Компанийг байгуулсны дараа шинэ технологийг нутагшуулж орц найрлагаа баталгаажуулсан. Үүний дараа салбарын шилдэг эрдэмтэн ажилтнуудтай ярилцаж, судалж ажлыг эхлүүлсэн. Шахмал түлшний үйлдвэрлэл явуулсны дараа хэрэглээний туршилтыг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд жил гаруйн хугацаанд явуулсан. Олон улсын лабораториудын шинжилгээний дүнг авчирсан. Уг туршилтаар түлшний чанар баталгаатай болох нь нотлогдсон.
Мөн түлшний барьцалдуулагчийг энгийн эрдэнэ шиш, бентонит шавар буюу байгалийн нарийн ширхэгт шавар гэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнээс гаргаж авдаг” гэж ярилаа.