УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй хөөн хэлэлцэх хугацааны талаар ярилцлаа.
-Хөөн хэлэлцэх хугацааг хэн багасгасан бэ гэдэг шүүлт үргэлжилсээр байна. Та үүн дээр байр сууриа илэрхийлээч. Энэ асуудлын цаана хэний эрх ашиг хөндөгдөөд байгаа болоод бие бие рүүгээ түлхээд байгаа юм бол оо?
-Ийм учиртай юм. Цаад хүнийг нь хэлэхийн тулд би эхнээс нь дараалалтай ярья. Анхны Эрүүгийн хуулийг 1995 онд баталсан байдаг юм. Энэ хуулийг 2002 онд өөрчлөөд, тэр үед 1996-2000 онд Ардчилсан намынхан маш олон эрүүгийн хэрэг үйлдсэн байх бололцоотой бужигнаан болсон. Сэргээн босголтын банк, Л.Болд гишүүний Голомт банк хэл амны гол бай болж байсан. Тэр нь улс төрийн тохироо болсон уу яасан, албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдвэл ялтай байсан 1995 оны хуулийн заалтыг 2002 онд өөрчлөөд бүхэлд нь байхгүй болгочихсон. Үүнээс болж 2008 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл 894 орчим албан тушаалтан хууль байхгүй учраас ялгүй явсан. Дараа нь албан тушаалаа ашиглан авлига, албаны хэрэг хийвэл болохгүй гэдэг заалтаа 2008 оноос хийсэн. Тэр үед долдугаар сарын 1-ний үймээн болсон. 2005-2009 оны хооронд авлига, албан тушаалтны гэмт хэрэгтнүүд гаарч, авлигал аалзны том сүлжээ боллоо гэж ард түмэн ч бухимдаж байсан. Тийм учраас нэлээд олон хүн ял авахаар байсан.
-Нэлээд олон хүн гэлээ. Нэр цохон дурдахгүй юу?
-Тэр үеийн хэвлэлүүдийг л харах хэрэгтэй. Хэн авлигач, гэмт хэрэгтэн бэ гэж бүгд ярьж шуугиж байсан. Тэгээд долдугаар сарын 1-ний үймээнээр 700 орчим иргэнээ барьж хориод, тэдний 300 орчим иргэнд шууд ял өгсөн. Хүүхдүүд ч тэнд орж, 10-аас дээш жилийн ялтай болсон. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэг зовлонтой нөхөр орж ирээд улс төрийн тохироо хийсэн байдаг юм.
-Тэр зовлонтой нөхөр нь хэн юм бэ?
-Яагаав, бид нар тэр хүнийг жижигхэн хүзүүтэй гээд л муулаад байдаг шдээ. Улс төрийн тохироог Ерөнхийлөгч нар хийдэг байхгүй юу. Ингээд 2009 оны есдүгээр сарын 26-нд Өршөөлийн хууль гарсан. Тэр хуулиар долдугаар сарын 1-нтэй холбоотой 300 хүн өршөөгдөж, суллагдсан гэж эергээр бодсон чинь тоон дотор үсэг гэгчээр авлигалын хэргүүдийг өршөөсөн. Тэр үеийн хуулиар бол 268-ын 1 буюу авлига өгөх, зуучлах, мөн албан тушаалын хэргүүдийг бүгдийг нь өршөөчихсөн. Ингээд 2005-2009 оны хоорондох миний санаж байгаагаар 500 орчим авлига, албан тушаалын хэрэгтнүүд өршөөгдсөн. Гэтэл хулгай дахиад л үргэлжилсэн. Тэгээд бүр дааж давшгүй болоод ирэхээр нь 2015 оны Өршөөлийн хууль гэж гарсан. Энэ үед авлига, албан тушаалын хэргийг өршөөнө, өршөөхгүй гэж маргасаар эцэст нь бас л өршөөсөн. Тэр битгий хэл хар тамхичдыг хүртэл өршөөчихсөн.
2015 оны Өршөөлийн хуулийн асуудал дууслаа гэсэн чинь 2016 оноос дахиад “хулгайч нар” гараад ирсэн. Ингээд л ар араасаа гарч ирээд байдаг юм байна. Энэ нөхөд 30 жил төрд байгаа. Тэд хамгийн мэргэшсэн хүнээ Хууль зүйн сайдад тавьдаг. Яагаад гэвэл хуулийн цоорхой маш чухал. Хуулийн цоорхойг өмгөөлөгч ашиглаад үйлчлүүлэгчээ авардаг. Эрүүгийн хуулийн нэг зарчим гэж байна. Сэжигтэн, яллагдагч, ялтан ч бай хөнгөрүүлсэн, хүндрүүлсэн гэдэг заалт эргэлзээтэй байвал хөнгөрүүлснийг нь заавал ашиглах ёстой гэдэг. Тийм учраас хөнгөрүүлэхийн үндсэн зүйл нь хууль буцаан хэрэглэхгүй. Тэгэхээр нөхөд Эрүүгийн хуулийг оруулж ирэхдээ бас нэг процессын хуулиа оруулж байсан. Ингээд эрүүгийн хэргийг шалгахдаа хоёр үндэслэлээр буюу хэрэг бүртгэлтийн хэрэг, мөрдөн байцаалтын хэрэг гэж хэлнэ. Хэрэг бүртгэлтийн хэрэгт хугацаа заахгүй. Хуучин бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд 14 хоногийн дотор яллагдагчаар татна, үгүй бол цагаатгадаг байлаа. Гэтэл хугацаа заахгүй болохоор хэчнээн ч хугацаагаар үргэлжилж болно гэсэн үг. Жишээ нь би 2016 онд нэг авлигачийн талаар өргөдөл өгсөн юм. Одоо хэрэг бүртгэл дээр байгаад л байгаа. Асуухаар шалгаж байна л гэдэг. 72 сая доллартай байж магадгүй гээд бас нэг нөхрийг өгсөн, шалгаж байна л гэсэн.
Хоёрдугаарт, хуучин Эрүүгийн хуульд байсан ял шийтгэл өгөх хугацааг онц хүнд, хүнд, хөнгөн, хөнгөвтөр гэж зүйлчилснийг байхгүй болгочихсон. Тэгээд хугацаа заасан санкцуудыг нь багасгаад, авах гэж байгаа ялын хугацаагаар тогтоогдоно гээд тавьчихаж байгаа юм. Тэгэхээр урт байх тусам аюултай.
-Та үүнийг илүү тодорхой, жишээгээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Жишээлбэл, нэг хүнийг таван жилийн ялтай хэргээр шалгалаа гэж бодъё. Тэгвэл хэрэг бүртгэлтийн хэрэг нь гурван жил болчихож. Тэгээд хоёр жил дотроо мөрдөн байцаалтын хэрэг болголоо гээд нэг жил болчихлоо гэж бодъё. Ингээд нэг жил үлдэж байгаа биз. Шүүх хурлын шийдвэр гартал гэхээр чинь шүүх дээрээ хүлээж байтал нөгөө таван жил нь дуусчихна. Таван жилийн ялтай асуудлыг таван жил шалгууллаа, ингээд л ялгүй үлдэнэ. Тэгээд эд нар шүүх гэдгийг яллагдагчаар татах гээд оруулчихаж байгаа юм, ямар ч ашиггүй. Хуучин яадаг байсан бэ гэхээр, өргөдөл өглөө, 14 хоногийн дотор яллагдагчаар татлаа, одоо хөөн хэлэлцэх хугацаа байхгүй шүү гээд, яллагдагчаар татаад хоёр жил дотроо тухайн хүнийг ял шийтгэлтэй эсэхийг тогтооно. Хорих, мөрдөх хугацаа нь хоёр жил шүү дээ. Гэтэл манайх хүний эрх гэдэг нэрээр “маш сайхан” заалтууд оруулж ирсэн. Тийм учраас ЖДҮ-чид, 60 тэрбумынхан, Эрдэнэтийн 49 ба 51-ийнхэн, С.Баярцогт, С.Баяр гээд бүгд өршөөгдөж байгаа. Хууль ийм байдаг юм.
-Хэн энэ бүхнийг хийгээд байгаа юм бэ гэсэн асуултын хариу нь энэ мөн үү?
-Хэн энийг хийсэн бэ гэвэл хамгийн айхтар хуулийн мэдлэгтэй хүмүүс хамгийн тэнэг хүнийг хөөрөгдөн “мундаг, дөнгөж сонгогдчихоод түүхэндээ анх удаа эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагч боллоо” гэх мэтээр магтаж байгаад гал бариулчихаж байгаа юм.
-Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нарын гишүүд хоорондоо энэ асуудлыг шидэлцээд байсан.
-Х.Нямбаатартаа ч байгаа юм биш, Ш.Раднаасэддээ ч байгаа юм биш, цаана нь архаг “хулгайч нар” хуулийн цоорхойг яаж ашиглах вэ гэдэг тоглолтоо хийгээд явж байгаа юм.
-Яг одоо хэлэлцэх эсэх нь хэлэлцэгдээд явж байгаа Эрүүгийн хуулийн өөрчөлтөөр хуулийн цоорхойг бөглөх боломж бий юу?
-Хэлэлцье гээд ажлын хэсэг ороод явж байна. Энэ бол яг мухар гудамжинд орсонтой адил, ухрах боломжгүй. Яагаад гэвэл бид НҮБ-ын гишүүн орон, манайх ардчилсан орон, дээрээс нь олон улсын эрүүгийн хууль, шүүхийн үндсэн зарчим, гэрээ, фактад нь нэгдэж орно гээд гарын үсэг зурсан улс. Тийм учраас ямар нэгэн ухарсан үйлдэл хийх юм бол Хойд Солонгос шиг боллоо, нөгөө 1937 он боллоо л гэж ярина. Ний нуугүй хэлэхэд, одоо Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд яаж ч заасан ямар ч бололцоогүй. Миний ойлгож байгаагаар шүүх хүртэл гэдэг хугацаагаа богиносгох байх. Хугацаа уртсана гэж яриад байгаа нь утгагүй. Богиносгож байгаа нь ч утгагүй. Богиносгож байгаа ч гэсэн хэрэг бүртгэлтийн хэрэг нь хугацаагүй юм чинь мөнгөтэй бол хэрэг бүртгэлтийн хэрэг дээрээ байлгаад л байна. Мөнгөгүй жирийн иргэн бол явдгаараа л явна.
-Хууль батлагдлаа гэхэд олны анхааралд байгаа авлига, албан тушаалын энэ олон хэргүүд аль хуулиараа зохицуулагдах юм бэ?
-Жоохон жүжиг тоглоно л доо. Ял авлаа, жил болох гэж байна, тэгснээ Дээд шүүхээр орлоо, тэгээд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гээд гаргана шдээ. Монгол одоо хуульгүй болчихсон шүү дээ. Хуульгүй гэдгээ Хууль зүйн сайд хэлсэн. Аль хууль гэж яриад байх юм. Хуульгүй юм чинь амаараа яриад, зурагтаараа гаргаад, нөгөө хэд нь жүжиг тоглож хоригдлоо гээд, тэгээд шударга ёс тогтоолоо гэнэ. Гол нь Ерөнхийлөгч дахин сонгогдох ёстой. Ерөнхий сайд намаа ялсан болгож явах ёстой. Гудамжинд яваа улс төрд буцаж орж ирэх сонирхолтой хүмүүс нь ариун цагаан хүн болж буцаж орж ирэх ёстой. Тэдэнд энэ нь л чухал болохоос юун ард түмэн, хууль дүрэм.
Олны анхаарал татсан хэргүүдийг одоо мөрдөгдөж байгаа хуулийн заалтаар л тооцно. Өөр ямар ч арга байхгүй. Хуучнаараа явах нь тодорхой болж байгаа учраас энэ өөрчлөлт өргөн баригдаж байгаа юм. Түүнээс биш арай эрт өргөн барьж болох байсан.
-Таны яриад байгаа хуулийг хамгийн сайн мэддэг хүн нь Ц.Нямдорж сайд уу?
-Өөр хэн байх юм бэ. Тэгээд би “Ц.Нямдоржоо чи энэ Монголын төрд 20 гаруй жил гай болж байна шүү” гэж хэлж байсан. Үнэнч байх, шударга байх нь заавал золиостой байдаг.
-Хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэж байгаа Эрүүгийн хуулийн төсөл Ц.Нямдорж сайд дээр нэлээд удсан гэсэн. Тэгвэл бүгд өршөөгдөхөөр байгаа юм бол төслийг гацаах ямар шаардлага байсан юм бэ?
-Гацаасан, үгүйг мэдэхгүй юм. Хууль зүйн яамны нэг үүрэг нь орж ирж байгаа хуулийн төслүүддээ санал дүгнэлт хийж оруулах ёстой. Бодлогын чанартай энэ хуулиудыг би биш сайд болон яамныхан ярьж байх ёстой. Гэтэл юу ч ярихгүй байгаа юм. Юу ч ярихгүй байна гэдэг чинь юу ч хийгээгүй л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яриагүй гэдэг чинь удсан гэсэн үг гэж би ойлгож байгаа.
Одоо нөгөө хэргүүд шүүхээр орж байгаа тохиолдолд шинэ заалт нэмэргүй. Ядаж мөрдөн байцаалтанд байсан бол энэ хуулиа бушуухан батлаад шинэ хөөн хэлэлцэх хугацааны дагуу гэж явсан бол өөр. Гэтэл бүх хэргийг шүүх рүү оруулж байгаад энэ төслийг өргөн барьсан. Шүүх рүү орох нь буруу. Яагаад гэвэл юуг ч шалгахгүй, нотолчихсон, одоо буруутай юу, буруугүй юу тухай л ярина. Дахин шалгах шаардлага байхгүй. Ингээд л дуусна.