Морган Фриманыг дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг гэдэг. Тэрбээр олон кинонд дүрээ бүтээж байсан боловч хэтэрхий хожимдож нэр алдарт хүрсэн юм. Тухайлбал, 1989 онд “Мисс Дэйзийн жолооч” кинонд тоглосноосоо хойш нэрд гарсан. Тухайн үел тэрбээр 52 настай байсан гэдэг.
Фриман нь “Оскар”-т таван удаа нэр дэвшиж байсан. Эхний удаад 1988 онд “Гудамжнны залуу” кинонд тоглосон туслах дүрээрээ нэр дэвшсэн бол “Мисс Дэйзийн жолооч”-оор “Шилдэг жүжигчин”-д хоёр дахиа нэр дэвшсэн түүхтэй. Харин 1995 онд “Шоушенкаас оргосон нь” киноны дүрээрээ энэ шагналд хүч үзэж, 2005 онд буюу дөрөв дэх удаагийн оролдлогоороо Клинт Иствудын “Саяд нэг тохиох охин”-д бүтээсэн дүрээрээ “Шилдэг туслах дүр”-ийн шагналыг авч байжээ. Тэгвэл хамгийн сүүлд 2010 онд “Дагахгүй”-д Нельсон Манделагийн дүрээр дахин нэр дэвшиж байсан юм. Фриманы цуглуулгад мөн “Алтан бөмбөрцөг”, Берлиний кино наадмын “Мөнгөн баавгай”, Сесиль Б.Де Миллийн хүндэт шагнал бий.
Морган дөрвөн удаа гэрлэж байсан. Хоёр хүү, хоёр охинтой. Нэг охиноо өргөж авсан юм. Фриман өөрийн гэсэн амьдралын үзэл, бодлого, урлагтай. Энэ талаараа Британийн алдарт сэтгүүлч Сара Уильямст сонирхолтой ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна.
-Морган, та “Бүхнийг чадагч Брюс”, “Бүхнийг чадагч Эван” инээдмийн кинонуудад бурхны дүрд тоглосон шүү дээ. Таны хувьд Ерөнхийлөгч, бурхан, эсвэл кино од байхын аль нь дээр вэ?
-Кино од.
-Яагаад?
-Яагаад гэвэл мөнгө олдог шүү дээ. Таны нэрлэсэн үлдсэн ажлууд нь мөнгө төлдөггүй юм. Төллөө ч хангалттай мөнгө өгөхгүй.
-Тэгвэл кино од байхын сул тал юу вэ?
-Үүнийг нас нэмэхийнхээ хэрээр л ойлгож байна даа. Үүнд нэг сонин тал байна. Би хар нялхаасаа л амьдралын туршид кинонд тоглохыг мөрөөддөг байлаа. Би кино од болохыг хүсч байсан юм. Оддын амьдрал ч сэтгэл татаж байлаа. Гэтэл яг цаг нь ирэхэд би алдсанаа ойлгосон юм. Өөрийн карьертаа дүгнэлт хийж үзээд од биш, жүжигчин байхыг хүссэн гэж дүгнэлтэд хүрсэн юм даа. Би зоримог жүигчин байж, жишээ нь Квазимодод тоглохыг хүссэн. Оддод ийм дүрүүдийг тун цөөн өгдөг шүү дээ.
-Гэхдээ та кино од, зоримог жүжигчин байх гэсэн энэ хоёр ойлголтыг амжилттай хослуулж чадсан гэж би боддог. Тийм биш гэж үү?
-Та ялгааг нь мэдрээгүй юм байна. Тиймээс тайлбарлах гээд оролдоод үзье. Жишээ нь Роберт Де Ниро гудамжаар хэнд ч танигдахгүй тайван алхаж чаддаг байсныг би санаж байна. Энэ бол “Загалмайлсан эцэг-2”, “Галзуу бух”-аас өмнө шүү дээ. Энэ бол хамгийн агуу, олны хамгийн сайн мэдэх хоёр кино шүү дээ. Гэвч тэр урьдын адил хэнд ч анзаарагдалгүй хэвээр үлдэж чадсан. Яагаад гээч? Яагаад гэвэл Де Ниро өөрийн дүрүүдээрээ өсөн нэмэгдсэн. Харин тэр тэдгээр дүрүүдийнхээ ард нуугдаж чадсан. Үзэгчид тэдний өмнө жүжигчин байсан гэдгийг мартсан. Тэд дэлгэцэн дээр болсон бүхэнд итгэж байсан юм.
-Хэрвээ би зөв ойлгож байгаа бол та үзэгчдийг өмнө нь Морган Фриман байгааг гэдгийг мартуулж, тэднийг дэлгэцэн дээр Ерөнхийлөгч, эсвэл бурхныг харж байгаа гэж итгүүлэх гээд байна аа. Гэхдээ энэ бол жүжигчний хувьд илүү хэцүү шүү дээ?
-Мэдээж хэцүү, хүнд. Үүний тулд өөрийнхөө учрыг олох хэрэгтэй. Та ерөнхий шатны байгууллага нь болно гэсэн үг. Өөрийгөө байнга шалгана. Өөрөө өөртөө итгэх үү, үгүй юу гэдгээ шийднэ. Өөрөөр хэлбэл дүрдээ амьдарч чадаж байна уу гэдгээ үзнэ. Би тоглож байгаа дүрдээ орохыг илүүд үзэхээс тоглохыг илүүд үзэхгүй. Бүхий л жүжигчилсэн тоглолт итгэл үнэмшил дээр тогтдог. Үүнд л итгэл үнэмшил гэж бий. Станиславский зүгээр ч нэг “Би итгэхгүй байна” гэсэн алдарт үгээ хэлээгүй биз. Жүжигчин үзэгчийг итгүүлэхийн тулд өөртөө итгэ гэсэн ганцхан арга байдаг. Би итгэхгүй үед юу болох вэ? Жүжигчний тоглолт эхэлдэг. Би зүгээр л тайз, эсвэл зураг авалтын талбайгаар явж, текст уншина гэсэн үг. Ялгааг нь мэдэх үү?
-Би таны бүх киног үзээгүй ч ийм зүйл олон байдаг гэж боддог. Гэхдээ таны үгнээс харахад танд таалагдаагүй дүрүүд байсан бололтой. Эсвэл би буруу хэлээд байна уу?
-Үгүй ээ, таны зөв. Ярих юм байхгүй, тийм дүрүүд бий. Та ч намайг ямар кинон дээр зүгээр л нэг текст урсгасан, ямарт нь үнэхээр итгэсэн амархан тодорхойлчихсон юм шиг санагдлаа.
-Та олон жил жүжиглэлээ. Олон ч зүйл дээр та бараг автоматаар хийдэг болчихсон байх…
-Яг наад дээрээ та алдаж байна. Надад яг ийм зүйл болох л юм бол бүх зүйл дуусаа. Тэгэхээр би хийж байгаа ажилдаа залхсан гэсэн үг. Одоохондоо би хийж байгаа ажлаасаа таашаал авсаар байна. Тиймээс ч зохиолоо уншиж байхдаа ямар нэгэн шинэлэг, өвөрмөц, зөвхөн энэ баатарт тохирсон зүйл олохыг хичээдэг. Мэдээж бүхий л насаараа нэг дүрд тоглодог жүжигчин бий л дээ. Гэхдээ тэр нь надад тохирохгүй.
Харин автоматаар бий болдог зүйл өөр асуудал дээр бий болдог юм. Баатрынхаа биед орчихлоо л бол автоматаар энэ хүн болж, Морган Фриман гэж хэн болохыг бүр мартах хэрэгтэй. Гэхдээ “Стоп!” команд дуугармагц дахиад автоматаар толгойдоо товчлуур дараад л би эргэн ирнэ гэсэн үг. “Дагахгүй” кинонд тоглож байхдаа би бүр айж байсан гээд бод доо. Тэгж л Нельсон Манделагийн дүрд орж, түүнийг мэддэг байсан хүмүүс надтай Мадибатай харьцаж байгаа мэт харьцаж байсан юм. Түүнийг эх оронд нь хайрлаж, хүндлэн ингэж нэрлэдэг шүү дээ. Оройн хоолны үеэр, ямар нэгэн үдэшлэгт, тэр ч байтугай зураг авалтын үеэрх албан ёсны хүлээн авалтын үеэр ч надтай “Мадиба!” гэж харьцаж байлаа. Энэ нь би дүрээсээ гараад тэр төрхөөрөө үлдэж чадсаных. Автомат чинь энэ үед ажиллаагүй байхгүй юу. Энэ л намайг айлгаж байлаа.
-Танаар бахархдаг гэдгээ хэлье. Та бол миний ааваас ганц л дүү хүн. Харин түүнийг гэрээс нь чирч гаргахад хэцүү. Харин та их ажиллаж, одоо ч боевик кинонд тоглож, байнга л аялж явдаг…
-Энэ бол баримтат төсөлд зураг авахуулж байгаагийн л ач юм даа. Бас бүх зүйл студийн дансаар явж байгаа шүү дээ (инээв). Тэгээгүй бол таны эцэг шиг л гэртээ суух байлаа.
“Бидний насан дээр хүн бүр хэзээ зогсохоо өөрсдөө шийднэ”
-Морган, хувийн чанартай нэг асуулт тавимаар байна л даа. Та 82 настай. Одоо зогсохыг хүсэхгүй байна уу? Би өөрийнхөө эцгийг харж байна. Амьдрал түүнийг чирээд байгаа мэт л санагддаг. Харин та эрч хүчээр дүүрэн байна. Танд одоо боллоо, амрах цаг боллоо гэсэн бодол орж ирдэг үү?
-Таны асуултад ингэж л хариула. Зогсоно гэдэг үхнэ гэсэн үг. Би үхэхэд бэлэн биш байна. Таны эцгийн тухайд, шулуухан ил цагаан хэлчихэж байгаад уучлаарай, бидний насан дээр хүн бүр хэзээ зогсохоо өөрсдөө шийддэг юм. Миний ээж урт насалсан. Би түүнийг үнэхээр их хайр дүүрнээр ажигладаг байлаа. Гэхдээ нэг л өдөр тэр өөрчлөгдсөн юм. Үүнийг нь ч би анзаарсан. Тэгээд “Ээж ээ, ингээд л болоо юу?” гэхэд тэр чимээгүйхнээр “Тийм ээ” гэж хариуулж билээ. Тэгэхээр нь би “Ок, гэхдээ би таны оршуулган дээр ирэхгүй шүү” гэж эхслэн юм. Ийм л богинохон яриа ээж бид хоёрын дунд болж билээ. Тэр ч гомдоогүй. Намайг хэзээ ч оршуулганд оролцдоггүй мэддэг байлаа.
-Ярьж байсанчлан та боевик кинонд тоглосоор л байгаа. Энэ жил жишээ нь “Сахиусан тэнгэрийн уналт” кино гарсан. Энэ кинонд таны хамтрагчаар Жерард Батлер ажилласан шүү дээ. Танаас 30 гаруй насаар залуу жүжигчнийг харахад хэцүү биш байсан уу? Найруулагчаасаа тоглоход илүү хялбар болгохын тулд зураг авалтыг өөрчлүүлэхийг хүсч байгаагүй гэж үү?
-Дарааллаар нь хариулъя. Үгүй ээ, хүнд байгаагүй. Энэ нь ямар нэгэн утгаараа тулааныг хүлээн авна гэсэн үг юм. Зохиолыг өөрчлөхийг хэзээ ч уучлахгүй. Ямар шаардлагатай юм бэ? Эцсийн эцсийн аюултай зураг авалт дээр миний орлон тоглогч, мэргэжлийн каскадер ажиллаж байгаа шүү дээ. Студи их мөнгө төлж байгаа жүжигчнээрээ эрсдэл хийх нь тэнэг хэрэг.
-Боевик кинонд тоглож байгаа жүжигчид жүжигчид биш юм шиг санагддаг байлаа. Драмд тоглож байгаа бол өөр хэрэг. Харин одоо би бодлоо өөрчиллөө. Боевик кинонд хүнд нөхцөлд байгаа энгийн хүнд тоглох хэрэгтэй юм байна гэдгийг гэнэт л ойлголоо. Мэдээж хэцүү байж таарна. Та энэ асуудлаар юу гэж боддог вэ?
-Энэ бол таны дотоод ертөнц буюу зан ааш, амьдралыг туршлагаас шалтгаална. Булчингийн ой санамж гэдэг зүй байдаг. Энэ нь таны бие тодорхой хөдөлгөөнийг тогтоож, түүнийгээ автоматаар давтахыг хэлж байгаа юм. Сэтгэл санааны ой санамж гэж байдаг. Таны ухамсар танд тодорхой ямарваа нэгэн нөхцөл дэх үйлдлийн загварыг дагадаг гэсэн үг. Тэгээд л таныг энэ үйлдлээ давтахыг уриалдаг байх нь. Тиймээс зарим хүмүүс онцгой нөхцөлд сандарч байхад зарим нь тайван байдлаа хадгалж үлддэг. Жүжигчин хүнд ч тайван байдлаа хадгалаад сурчихсан хэрнээ дэлгэцэн дээр сандарч байгаагаа үзүүлэхээр бол өөрийгөө хүчлэхэд хүнд л болно. Үнэндээ бодит байдал дээр тулгардаггүй эмоцио гаргана гэдэг маш хүнд. Тэгэхээр гол утга санааг нь давтан хэлэхэд хийж байгаадаа өөрийгөө итгүүлэх нь чухал юм.
-Тэгэхээр та Ерөнхийлөгч гэдэгтээ итгэдэг байх нь ээ? Эндээсээ таашаал авдаг уу?
-Ажил таашаал авчирдаг юм. Адаглаад л надад. Чи Ерөнхийлөгч, бурхан, чөтгөр гээд хэн ч бай, тэрэндээ итгэнэ гэдэг өөрөө өөртөө таашаал авчрахгүй. Өөрийн дүрдээ амьдрах боломж авчирна гэдэг баяр баясал юм. Энэ нь шинэ амьдрал бий болгож байгаатай төстэй л гэсэн үг. Гэхдээ үүнд хэт улайран шунаад хэрэггүй. Тоглоод л, өөрт чинь Ерөнхийлөгчийн засаглал байна, эсвэл Бурхны засаглал байна гээд итгэж болно л доо. Хэдий тийм боловч кино бол зохиомол дүрслэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс миний хажууд “Бурхан минь ээ. Бидэн дээр бурхан ирлээ” гэж шивнэлдэхэд би дургүй. Гуйж байна, битгий тэгж байгаарай.
-Намайг хүүхэд байхад манай улсад бүх хүүхэд Ерөнхийлөгч, эсвэл хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байлаа. Гурав дахь өгөгдөл гэж байсангүй. Кино одод ч бидний анхаарлыг татаж байгаагүй. Харин та Ерөнхийлөгч болохыг мөрөөдөж байв уу?
-Үгүй ээ, би хүүхэд байхаасаа л жүжигчин болохыг хүсдэг байсан. Тасалбар авах мөнгө олдох тоолондоо кинонд гүйдэг байлаа. Манайх ядуу амьдралтай байсан юм. Кино үзэх болгон л миний хувьд мартагдахааргүй үйл явдал болдог байлаа. Тиймээс би хэзээ ч Ерөнхийлөгч, эсвэл концернын захирлуудын зөвлөлийн дарга болохыг хүсч байсангүй. Гэхдээ худлаа ярихгүй ээ, хааяа авто уралдааны нисгэгч болох хүсэл төрдөг л байсан.
-Энэ хүсэл тань одоо таны хүслийн жагсаалтад байгаа юу?
-Үгүй ээ, би аль хэдийнэ биелүүлчихсэн.
-Тэгвэл таны биелэгдээгүй хүслийн жагсаалтад юу үлдсэн бэ?
-Тийм хүсэл байгаа. Нисгэгч, зорчигч тээврийн онгоцны нисгэгч болмоор байна. Далайчин болоод далбаат завиар явмаар байна. Ковбой болмоор байна. Морьдод маш их дуртай. Морины жүчээнд морьдтой хамт амьдрахад ч бэлэн байна. Гэхдээ миний хамгийн гол хүсэл бол энэ ертөнцөд аль болох удаан амьдарч, амьдралын сайхныг мэдрэх юм.
“Амьдралын амжилтын нууц бол тухайн мөчид та хаана байсан бэ гэдэг зүйл юм”
-Та Холливудын хэмжилтээр бол маш хожуу тоглож эхэлсэн шүү дээ. Энэ нь сайн уу, муу юу?
-Маш сайн.
-Яагаад?
-Тухайн үед, одоогоос 30 жилийн өмнө би театрт тоглосон арвин туршлагатай болсон байлаа. Нью-Йоркт би 20 жил тайзан дээр гарсан байсан гэсэн үг. Телевизэд ч дүр бүтээж л байлаа. Харин кинонд бол тун бага оролцож байсан. Тиймээс мэргэжлийн болон амьдралын туршлага олж авсан томоохон давуу талтайгаар кино урлагт орж ирсэн гэсэн үг. Дээр нь 70, 80-аад оноос орж ирсэн олон, маш сайн жүжигчид манай мэргэжлийн гоё сайхантай эвлэрч чадаагүйг би мэднэ. Ялангуяа энэ нь хар тамхичдад хамаарна. Тэдний олонх нь хохирогчид болсон.
-Би нэг зүйлийг ерөөсөө ойлгодоггүй юм. Таны авьяас билгийг аль эртнээс ажигласан байсан шүү дээ. Тухайн үед ч та залуу байсан. Гэхдээ нэлээд хожуу алдар нэртэй болсон нь юуных вэ? Арай эрт болсон бол таны амьдрал, карьер өөрөөр л эргэх байсан.
-Энэ надад тохирох асуулт биш байна. Цэвэр гүн ухааны талын юм болчихлоо. Амьдралын, тэр дундаа амьдралд гарах амжилтын нууц юундаа байна вэ? Зүгээр л тухайн цаг мөчид хаана байсных вэ л гэдэгт байдаг юм. Хэрэгтэй цагтаа хэрэгтэй мөчдөө байна гэдэг амжилтаас атгах гол зүйл юм. Залуудаа би Нью-Йоркоос Лос-Анжелес, эсвэл Сан-Франциско гээд бэдэрч гүйцсэн. Орж болох хаалгыг л хайж байж.
-Та аль нэг нь онгойх байх гэсэн найдвараар бүх л хаалгыг тогшиж үзсэн гэх гээд байна уу?
-Яг л тийм.
-Тийм байж. Харин одоо ямар болсон бэ? Та кино зохиолоо хэрхэн сонгож байна вэ? Таны дотор одоо ч амьдарч байгаа залуу Морган Фриманы сонголт уу?
-Үгүй ээ. Сонголтыг яг одоо тантай яриад сууж байгаа хөгшин Морган Фриман хийдэг юм. Заримдаа тэр алддаг. Яагаад гэвэл энэ өвгөн одоо ч олон зүйлийг амжуулахыг хүсдэг гэж би өмнө нь хэлсэн дээ.
-Тийм болохоор л та баримтат төсөлд оролцохыг зөвшөөрчээ дээ? Та хэлээгүй ч би таныг аялахад амар байгаа гэдэгт итгэхгүй л байна.
-Ертөнцийг таньж мэдэх хүсэл намайг хөдөлгөж байна даа. Тиймдээ ч хүндрэл бэрхшээл хоёрдугаарт орно. Шашин, бурханд итгэх итгэлийг ялган танихыг хүсч байна.
-Хүмүүсийг удирдахын тулд шашныг бодож олсон гэж ярьцгаадаг. Биднийг зохион байгуулалтад оруулахад туслах ямар нэгэн юм хэрэгтэй байсан гэдэг. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Үгүй ээ. Энэ бол үхэшгүй мөнхийн тухай асуудал гэж би бодож байна. Хүмүүс үргэлж л мөнхийн амьдралыг мөрөөдсөөр ирсэн. Тиймээс зөвхөн нэг л зүйл үүнд найдах боломжийг олгодог юм. Энэ бол итгэл. Сүнс мөнх гэдэгт итгэх итгэл. Хүн төрөлхтөн ертөнцийг өөргүйгээр нь сайхан байж болно гэдэгт эвлэрч чаддаггүй. Ертөнц хүнийг бий болохоос ч өмнө оршин тогтнож байсан, хүн төрөлхтнийг байхгүй болсон ч оршин тогтнох болно. Одон орончид, зурхайчид болон олон эрдэмтэд дэлхий дээр сая сая жилийн дараа юу болох бол гэж ярьцгаадаг шүү дээ. Энэ нь хэнд сонирхолтой гээч? Мэдээж энэ бол үхэшгүй мөнхийн талаар бодохгүй байхад хэрэгтэй. Хүний амьдрал маш богинохон. Тиймээс энэ бүх онол нь энэ бүгдийг харах боломж олгосон бодол санааг бий болгох юм. Шашин бидэнд ийм боломж олгодог. Шашин бидэнд сүнс тань үхсэний дараа хаана очих вэ гэсэн, юу ч гэж нэрлэж болохоор газар байдаг гэж амладаг. Тэнд сүнс сайхан байх болно гэдэг. Христийн шашинтнууд энэ газрыг диваажин гэж нэрлэдэг. Тийм газар байна гэдэг итгэл нь үхлийн өмнөх айдсыг багасгаж өгдөг юм.
-Таныг атеист байсан гэдгийг сайн мэдэх юм байна?
-Бурхны талаар бодитой юм мэддэггүй байсан гэвэл илүү зохистой. Харин одоо би сайн үйл, сайн бодол санаа, сайн үйлийг сонгогч.
-Гэхдээ та ихэнх америк хүүхдүүдийн л адил өссөн. Тэгсэн хэрнээ Христийн шашинтан болоогүй нь юутай холбоотой вэ?
-Манай гэр бүлийг шашинлаг гэхэд хэцүү. Эмээгээс бусад нь шүү дээ. Эмээ бурханд чин сүсгээрээ итгэдэг байлаа. Нэг удаа миний том ах нас барсан юм. Тэнгисийн явган цэрэгт байхдаа шүү дээ. Энэ бол хар бараан түүх минь. Тэдэнд тэр нас барсан л гэж хэлсэн. Эмээ ахад минь маш их хайртай байлаа. Түүний үхэл ёстой л хэцүү байдалд оруулсан даа. Харин би ийм зүйл болж байхад бурхан яасан юм бэ л гэж бодож байсан. Өөрт нь тэгж их итгэдэг хүнд яагаад ийм том цохилт өгнө вэ? Тэгээд л би ямар ч бурхан байдаггүй, зохиож бодож олсон зүйл л гэж үзэх болсон.
-Таны сүүлийн үеийн сонирхол зөгий болсон. Яагаад?
-Энэ бол гайхалтай амьтад юм. Ер бусын хөдөлмөрч, нөхөрсөг. Гэхдээ тэдэнд бидний халамж анхаарал хэрэгтэй. Тэднийг устгахад маш амархан. Харамсалтай нь хүн төрөлхтөн энэ асуудалд нь л анхаараад байна даа. Зөгий бол бидний ертөнцийн нэг хэсэг шүү дээ. Тэд энэ ертөнцөд биднээс хамаагүй өмнө бий болсон юм.
-Тэгэхээр зөгий манай гарагт хэрэгтэй гэж үздэг болохоор та зөгийн аж ахуй эрхэлдэг болсон юм уу? Эсвэл танд эдлэн газар байгаа болохоор л тэнд зөгийн суурин байгуулахаар болов уу? Бодлогын чанартай, эсвэл практик шийдвэрийн аль нь байв?
-Энэ бол амьдралд хэрэгтэй практик шийдвэр байсан юм. Хэрэв би ямар нэгэн юманд итгэдэг бол энэ бол манай гарагийн мөнхийн амьдрал юм. Жирийн нэгэн хүн биш, манай гарагийн мөнхийн амьдрал шүү. Бид дэлхий дээр санамсаргүй бий болсон юм. Бид уг нь байхгүй ёсгүй л байсан байхгүй юу. Гэсэн ч нэгэнт ийм зүйл болсон болохоор бид энэ гараг дээрх амьдралын гол хамгаалагчид болох ёстой. Библи дээр ч бас бурхан хүнийг бүтээгээд түүнд энэ ертөнцийг захирах эрх мэдэл өгсөн гэж тайлбарладаг шүү дээ. Энэ хэсгийг яагаад дурдаад байна гээч? Бурхан засаглал өгөөгүй юм. Тэр хүн энэ ертөнцийг хадгалж үлдээрэй гэсэн чухал даалгавар өгсөн юм шүү дээ.
Эх сурвалж: Sarah Williams/The Interview People /fakty.ua/