Хүн төрөлхтөнд хамгийн их хор хөнөөл учруулсан Дэлхийн II дайн 1945 оны энэ өдөр төгсгөл болсон түүхтэй. ОХУ-д жил бүр тавдугаар сарын 9-нийг аугуа эх орончдоороо бахархах, үндэсний баяр болгон ёслол төгөлдөр тэмдэглэдэг. Энэ жил эх орны дайнд ялалт байгуулсны 72 жилийн ой тохиож байна.
Монгол цэргийн музей ялалтын баярт зориулан “Нэхэн дурсагдах хүмүүс” нэртэй түүхэн ховор архиваас бүрдсэн үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнд 1923-1939 оны хооронд ЗХУ-д сурч байсан хүмүүсийн диплом, гадаад паспорт, мөн тухайн цаг үед цэргийн сургуульд явсан эрхмүүдийн талаар мэдээллийг дэлгэжээ.
Нийт 70 гаруй гэрэл зураг, 64 баримт, Бүх цэргийн жанжны тушаал зэргийг олны хүртээл болгосон аж. Тухайн үедээ эдгээр нь нууцын зэрэглэлтэй байсан учраас Үндэсний архивын газарт ч ховор байдаг гэнэ.
Мөн хилс хэрэгт хэлмэгдэж явсан эрхмүүдийн тухай гэрэл зураг, албан бичиг, бүртгэл зэргийг ил болгожээ.
Музейн ажилтнуудын хэлсэнээр үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд цэргийн сургуульд суралцсан албан хаагчдаа нэхэн дурсаж, тэдний үр хүүхэдтэй холбоо тогтоон архивт байхгүй баримтыг цуглуулах зорилготой гэлээ.