“Guys” хамтлагийн дуучин М.Мягмар Аялал жуулчлалын элч дуучин болжээ. Тодруулбал, өчигдөр болсон Аялал, жуулчлалын салбар үүсч хөгжсөний 65 жилийн ойн арга хэмжээний үеэр БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат дуучин М.Мягмарт “Аялал жуулчлалын элч дуучин” өргөмжлөлийг гардуулан өгчээ.
“Өргөмжлөл”-д “Golden City Gate” олон улсын аялал жуулчлалын мультимедиа тэмцээнд аялал жуулчлалын видео төрөлд “Welcome to Mongolia” дуугаар амжилттай оролцож, тэргүүн байр эзлэн Монгол орны байгаль, түүх соёл, аялал жуулчлалыг олон улсад сурталчлах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсныг тань үнэлж, “Аялал жуулчлалын элч дуучин”-өөр өргөмжлөв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат” гэжээ.
Дуучин М.Мягмар бие даасан “Save” цомгийнхоо анхны уран бүтээл болох “Welcome to Mongolia” дууны клипээ 2019 оны эхний өдөр үзэгчдэдээ дэлгэсэн. Тэрээр энэхүү уран бүтээлээ гадаадаас Монгол руу зочлох мянга мянган жуулчдад хүргэхээр “Цолмон трейвэл” компанитай хамтран ажиллаж англи хэл дээр дуулсан юм.
Монгол улсаа гадаадад сурталчлах нэрийн хуудас болсон дуучин М.Мягмарын “Welcome to Mongolia” дууны клипийг тэрээр “Cross animation” студийн уран бүтээлчидтэй хамтран бүтэн нэг жилийн турш дөрвөн улирал дамнасан зураг авалтаар хийсэн юм.