Мансууруулах төрлийн бодис. Энэ бодисын хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болсон нь энэ гэмт хэргийн араас мөшгөх цагдаагийн байгууллагыг төдийгүй иргэдийн санааг зовоосон сэдэв болсон. Мансруулах бодис айл өрхийн хаалгыг тогшиж, хүүг чинь, охиныг чинь хулгайлахад ойрхон байна. Энэ аюулаас үр хүүхдээ, найз нөхдөө, хань ижлээ хэрхэн хамгаалах вэ гэдэг асуултын хариуд зөв өнцөгтэй шийдэл бодож олох хэрэгтэй болжээ.

Хар тамхийг анагаахын ямар ч шалтгаагүйгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, согтууруулах ундааны нэгэн адил донтуулах хамаарал үүсгэдэг гэдгийг сэтгэцийн эрүүл мэндийн салбарынхан тайлбарлаж байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор Монголд ганцхан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв ч ачаалалтай ажиллах болжээ. Энэ талаар бид тус эмнэлгийн Стратеги төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил эрхэлсэн дэд захирал, Клиникийн профессор, Удирдахуйн ухааны магистр О.Баатаржавтай уулзаж ярилцлаа.

-Хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хэрэглэдэг залуучууд хэзээнээс эрс нэмэгдэж эхэлсэн бэ?

-Манай эмнэлгийн хувьд анх 2009 онд олны танил нэг хүн ирж эмчлүүлснээр энэ нь бидний анхны судлагдахуун болсон. Сүүлдээ урлагийнхнаас эхлээд маш олон хүн мансуурах эм бэлдмэлийн хамааралтай гэдэг шалтгаанаар ирэх болсон. Ингэж явсаар 2013 оноос мансуурагчид эрс нэмэгдсэн. Солиорсон, хий юм хардаг, сонсдог, донтсон хүмүүс олноор ирж байна. Яг өнөөдрийн байдлаар  бид 300 гаруй хүнтэй холбоотой ажиллаж байна. Тэдэнд эмчилгээ хийж байна гэсэн үг.

Гэхдээ нэг хүний цаана хэд хэдэн хүн байдаг гэдэг утгаар энэ бол нийгэмд аюулын хэмжээнд хүрсэн. Хүмүүсийн жишээнээс харж байхад бизнес хийдэг зарим хүмүүс ажлын бүтээмжээ дээшлүүлэх гэж хэрэглэсэн байх юм. Тэр ч бүү хэл турах гэсэн хүүхнүүд мөс хэрэглэсэн байх жишээтэй.

Мансууруулах бодис нь тархины мэдрэмжийг ялгаруулдаг бодисын хэмжээг түр хугацаанд ихэсгэдэг, оюуны чадамжийг өсгөдөг. Мөс хэрэглэснээр хоол идэхгүй, унтахгүй, ядрахгүй болдог учраас хэрэглэсэн гэж зарим нь ярьдаг. Гэхдээ тэд энэ нь ердөө түрхэн зуурын үйлчлэл. Тэр үйлчилгээ биеэс нь гарахаар зовиур шаналан авчирдаг. Ингээд донтдог, нэгэнт донтсон бол хувийн эдийн засаг гэж юу ч байхгүй болно. Гэр бүл ч гэж байхгүй болно гэх мэт эрсдлийг тоохгүй байгаа нь хамгийн харамсалтай.

-Танай дээр эмчилгээ хийлгэж байгаа 300 гаруй хүмүүсийг насны хувьд ангилах юм бол дийлэнх нь хэд орчим насныхан байх юм. Хэдэн хувийг насанд хүрээгүйчүүд эзлэж байна вэ?

-Олонх нь насны хувьд 18-35-тай хүмүүс. Эдгээр хүмүүс нийт мансуурагчдын 85 хувийг эзлээд байна. Бидний гол айж байгаа зүйл бол цаад нийлүүлэгч бүлгүүд. Энэ бүлэг хар тамхийг залуучуудад нэгээс хоёр удаа өгч, сонирхлыг нь татах замаар хүрээгээ тэлэх зорилготой байх шиг, ийм мэдээлэл байгаа. Өнөөдөр хэвлэл мэдээллээр үүнийг хэрэглэх нь буруу, хор хөнөөл нь асар их гэж бичиж, ярих нь улам бүр сэдэл үүсгэсэн реклам шиг хандлага үүсгээд байна. Бидний хувьд энэ нь өөрөө бас нэг хүнд асуудал болчихоод байж байна.

Үүний оронд үнэнийг л хэлэх хэрэгтэй. Үүнийг хэрэглэсэн хүн сайнаа үзэхгүй. Цочромтгой гутранги байдалтай болдог. Зарим бодисууд хүнийг сэрдэмтгий болгож, ухаан санааг нь самууруулдаг. Гэр бүлийн дотор хэрүүл маргаан, бусад хүндрэлтэй асуудлыг үүсгэдэг. Энийгээ олж авахын тулд донтсон хүн их хэмжээний цаг зардаг. Түүнээсээ болоод ихэнхдээ сурч, ажиллах эсвэл өдөр тутмын идэвхитэй амьдралд оролцож чаддахаа байдаг. Маш их мөнгө төлж авна. Ерөнхийдөө орлогын эх үүсвэр маш багатай болдог учраас эзэндээ ядуурал дагуулдаг юм шүү гэдгийг үнэнээр нь хэлээд өгөх хэрэгтэй.

-Таны өрөөгөөр өдөрт хар тамхи хэрэглэгч 5-6 залуус орж ирж, эмчилгээ зөвлөгөө авдаг гэсэн. Тэд яагаад энэ зүйлийг олж сонирхсон, хэрэглэж эхэлсэн талаараа ярих юм уу?

-Дандаа л найз нөхдөөсөө авч хэрэглэсэн. Тэднээс мэдээлэл авч сонирхож эхэлсэн гэсэн түгээмэл нэг л хариултыг хэлдэг юм. Ихэвчлэн сургуульд сурдаггүй, ажилгүй, хагас бүтэн өнчин, тэнэмэл маягийн амьдралтай, буруу найз нөхөдтэй нийлсэн хүмүүс л ирж байна шүү дээ. Сэтгэцийн эмчийн хувьд харж байхад ерөнхийдөө сэтгэл гутралын эмгэгт автаад, үүнээс гарч чадалгүй бусдын нөлөө, бусдын буруу үлгэр дууриалд автсан нь анзаарагдаж байдаг.

-Хэдэн төгрөгийн үнэ ханштай байдаг юм, хаанаас авдаг юм гээд, энэ талаараа ярих юм уу?

-Хаанаас олж авдагийг мэдэхэд бэрх. Цагдаагийн байгууллага мансуурагчид болон нийлүүлэгчидтэй тэмцээд ирэхээр эрэлт нь ихэсч, нийлүүлэлт нь багасаад үнэ нь нэмэгддэг байгаа юм. “Мөс” гээд байгаа зүйл бол ихэвчлэн урд хөршөөс орж ирдэг. Өвсний тухайд бол ургамал учраас нэг нэгнээсээ дамжуулан сонсоод, өөрсдөө түүдэг байх жишээтэй. Мэдээж ажилгүй, сургуульгүй нөхөд ийм зүйлд уруу татагдах нь эргээд гэмт хэрэг, хулгайн асуудлуудыг ч дагуулна.

 

Эмчийн зөвлөгөө: Мансууруулах бодис хүнд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал: Мансууруулах бодис тархинд нөлөөлснөөс болж хүн цочромтгой гутранги байдалтай болдог. Зарим бодисууд хүнийг сэрдэмтгий, ухаан санаа нь самуурамтгай болгодог.

Биеийн эрүүл мэндийн асуудал: Хар тамхийг ямар замаар хэрэглэж мансуурснаас үүдэн гарна. Хар тамхийг татаж хэрэглэх нь амьсгалын замд болон уушгинд хор хөнөөл учруулдаг. Тарьж хэрэглэх нь халдвар тараах нөхцлийг бии болгодог.

Геройн мэтийн хар тамхийг залуучууд биедээ тарих замаар хэрэглэдэг. Тарьдаг хар тамхийг хэрэглэдэг хүмүүс зүү, тариураа хуваалцдаг, мөн хар тамхи хэрэглэгчид нь замбараагүй бэлгийн харьцаанд ордог зэргээс болж ДОХ зэрэг халдварт өвчний нян тээгч болж хохирдог.

Гэр бүлийн асуудал: Мансууруулах бодист донтох нь гол төлөв гэр бүлийн дотор хэрүүл маргаан., бусад хүндрэлтэй асуудлыг бий болгодог.

Нийгмийн асуудал: Хар тамхи хэрэглэдэг хүмүүс түүнийг олж авахад их хэмжээний цаг зарцуулдаг. Тиймээс ч тэд ихэнхдээ сурч, ажиллах эсвэл өдөр тутмын идэвхитэй амьдралд оролцож чаддахаа больсон байдаг.

Санхүүгийн асуудал: Хар тамхинд мөнгө их зарцуулагддаг. Хар тамхийг хэлэгдэг хүмүүс нь ерөнхийдөө орлогын эх үүсвэр маш багатай байдаг. Тиймээс хар тамхины мансуурал нь эзэндээ ядуурал дагуулдаг.

Хууль эрх зүйн асуудал: Хар тамхиар мансуурдаг зарим хүмүүс түүнийгээ олж авахын тулд гэмт хэрэгт оролцдог. Ихэнх тохиолдолд хар тамхины мансууралт нь гэмт хэрэг хийх нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд наад зах нь гэр орноосоо хулгай хийж, хэрэглээгээ хангах шуналыг бий болгодог.

Үхэл: Хар тамхины мансуурал нь хэт өндөр тунгаас, ноцтой халдвараас болсон өвчин эмгэг, осолын улмаас эзнээ үхэл рүү түлхэх нь элбэг байдаг.

Т.ПАГМАА

By updown

2 thoughts on “О.Баатаржав: Мансууруулах бодис эзэндээ оюун санааны самуурал, өвчин, гай зовлон, ядуурал авчирдаг”
  1. Энэ хар тамхийг зөвхөн татаж буй эзэндээ л аюултай гэж яриад байх юм. Үгүй шдээ. Хамгийн гол аюул нь тун удахгүй хар тамхиа олох гэж юу ч хийж магадгүй болдогт л байгаа юм шдээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн