АШУҮИС-ийн захирлын үүргийг түр гүйцэтгэгч Ж.Цолмонгийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж тус сургуулийн багш, ажилчид хэвлэлийн хурал хийлээ.
Тус сургуулийн багш, ажилчдын төлөөлөл жилийн өмнөөс хууль бус томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл хийж байсан. Энэ удаа багш ажилчид төрийн албанд сул орон тоо гарсан бол хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй намын томилгоо хийснийг эсэргүүцэж байгааагаа илэрхийлж байна.
2018 оны долдугаар сард тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Цолмонг томилсон бөгөөд томилогдож ирснийхээ дараа багш, ажилчдыг хууль бусаар халсан тухай мэдэгдэв. Мөн тэд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн тул албан тушаалд нь эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан. Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-наас хойш захирлын үүрэг гүйцэтгэгчийн эрх үүрэг дуусгавар болж, гаргасан шийдвэрүүд нь хуулийн хувьд чадамжгүй болсон. Зургаан сарын хугацаанд эрх үүрэг нь дууссан үүрэг гүйцэтгэгч ажлаа хийсээр байна. Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байна” гэлээ.
Хэвлэлийн хуралд ажлаас үндэслэлгүй халагдсан гэх албан тушаалтнуудын төлөөлөл ирсэн байна.
Ж.Цолмон “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ажлаас халагдсан Хүрэлбаатар, Гантулга, Батбаатар нар 19 тэрбум төгрөгийн хохирол сургуульд учруулсан хэмээн үндэслэлгүй гүтгэсэн тул Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж, нэр хүндэд халдсан нь тогтоогдсон гэдгийг хэллээ.
Үйлдвэрчний эвлэл Ж.Цолмонгийн томилгооноос үүдэн АШУҮИС-ийн багш, ажилчид хоёр хуваагдан өнөөдрийг хүртэл талцаад байгаа талаар ч хэлж байна.
Томилгоотой холбоотой маргаан гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдээд байхад өнөөдрийг хүртэл шүүхийн тогтоолоо хэрэгжүүлэхгүй байгаад гайхаж, бухимдаж байгаа тул өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байгаа юм.
Сургуулийн үйл ажиллагаа доголдоход хүрээд байгаа тул шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд туслалцаа үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсчээ.
Тус сургуульд үүсээд буй уг асуудлыг шийдвэрлэхгүй бол багш, ажилчид жагсаал хийхээр хүсэлтээ өгөөд байгаа юм байна.