Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хүүхдийн мөнгө олгох тухай тогтоолд өөрчлөлт оруулжээ.
Хүүхдийн мөнгийг Төрийн сангаас Монголбанкинд шилжүүлж, Монголбанк арилжааны банкуудад дамжуулдаг байсан. Уг шат дамжлагыг багасгаж, сар бүрийн 20-нд Төрийн сангаас арилжааны банкууд дахь хүүхийн дансанд шууд шилжүүлдэг болохоор тогтоолд тусгасан байна.
ХНХЯ-наас дээрх зохицуулалтыг энэ оны наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр албан ёсоор тогтоолд өөрчлөлт оруулж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэв.
Тэрбээр, “Дээрх зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнө хүүхдийн мөнгө цагтаа орохгүй байгаа тухай гомдол олноор ирдэг байсан. Харин энэ оны наймдугаар сараас уг гомдол ирэхээ больсон” гэлээ. Дашрамд дурдахад, энэ оны эхний гурван улиралд нэг сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөг олгосон байна.