Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрт зориулан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутгийн 255 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын шийдвэрээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 150 га газарт өрнүүлж буй юм. Цаашид үйлдвэрийг өргөтгөх, шинэ үйлдвэр байгуулах шаардлага үүсэх магадлалтай тул дахин 255 га газрыг тусгай хэрэгцээнд авч буйг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэв.
Тэрбээр, “Газрын тос болосвруулах үйлдвэрийг байгуулахад БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээл олгож байгаа. Саяхан 236 сая ам.доллар нэмж олгох болсноо мэдэгдсэн. Одоогоор үйлдвэрийн дэд бүтэц буюу төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугамын бүтээн байгуулалт дууссан байна.
Ирэх оны гуравдугаар сараас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөөн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, улмаар 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Үйлдвэрийг байгуулснаар 600-700 ажлын байр бий болж, ам.долларын гарах урсгал 20-30 хувиар буурч, төгрөгийн ханш чангарах боломжтой. Цаашлаад төсвийн орлого 150 сая ам.доллараар өснө гэсэн тооцоолол бий. Үйлдвэрийн ажилтнуудад зориулж 550 өрхийн орон сууц барьж байгаа” хэмээв.
БНЭУ-ын Газрын тосны сайд Монгол Улсад энэ сарын 08-нд айлчлахаар төлөвлөсөн байна Энэ үеэр тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцах аж.