Говь-Алтай аймагт хачигт хазуулсны улмаас гурван хүний биеийн байдал муудаж, нэг иргэн амиа алджээ.
Тус аймгийн Есөнбулаг суманд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд хачигт хазуулсан 54 настай эмэгтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадаагүй байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс үхэлд хүрсэн шалтгааныг тодруулхаар шинжилгээ хийхэд хачигт хазуулсан болох нь тогтоогдсон аж.
Говь-Алтай аймагт хачгаар дамжих халдварын 51 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 45 тохиолдол тархвар судлал, эмнэлзүйгээр хачигт риккетсиозын гэж оношлогджээ.
Дэлхий дээр нийт 3000 орчим зүйлийн хачиг байдаг. Тэдгээрээс манай оронд 45 зүйл буюу ойн болон бэлчээр малын хачиг хамгийн элбэг юм. Хэрэв хачигт хазуулаад удсан тохиолдолд үхлийн аюулд хүргэдэг байна.
Хачигт хазуулахгүй байхын тулд:
Тод өнгийн, битүү хувцас, малгай өмсөх,
өөртөө болон бусдад ялангуяа бага насны хүүхдүүдэд хачиг хазсан эсэхийг ойр ойрхон 2-3 цаг тутамд шалгаж байх,
Хувцас эсвэл биед наалдсан хачгийг зааврын дагуу зайлуулж байх;
Шигдсэн хачгийг хошууг үлдээлгүй салгаж авах, салгасан хачгийг мэргэжлийн байгууллагад хүргэх;
Хачигт хазуулсан, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах;
Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах, малаа эрүүлжүүлэх;
Дээрх зөвлөмжөөс гадна Хачигт энцефалитийн голомтот нутагт ажиллаж амьдардаг хүмүүс хачигт энцефалитийн эсрэг дархлаажуулалтын тунд бүрэн хамрагдах хэрэгтэй.