Өнөөдөр “Улаанбаатар иргэдийн форум” ТББ, “Монгол туургатан” ТББ, Монголын Архитектурын эвлэлээс хамтран Байгалийн түүхийн музейг нураахыг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийлээ. Байгалийн түүхийн музей болон өөр бусад гурван барилгыг нураах тухай шийдвэр гарсан байна. Эдгээр барилгууд нь архитектурын төдийгүй соёлын өвд бүртгэлтэй байдаг. Үүнийг соёлыг өвийг хамгаалах хуулиар зохицуулах, хуулиа хэрэгжүүлэхийг БСШУСЯ-наас шаардаж буйгаа хэлсэн бөгөөд захиргааны шүүхэд хандахаа мэдэгдсэн юм.
Соёлын өвөө “устгах” үйл ажиллагааг явуулж байгааг эсэргүүцэж байна
“Улаанбаатар иргэдийн форум”-ын гишүүн Б.Цацрал:
“Энэхүү дөрвөн барилга нь соёлын өвд бүртгэлтэй байдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн “37 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тогтолцоо
37.1. Соёлын өвийг хамгаалах асуудлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага болон бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, энэ хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, эрх бүхий этгээд хариуцна.
37.2. Соёлын өвийн хамгаалалтад соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга, соёлын өвийн хяналтын улсын байцаагч, гэрээт харуул, хуулиар эрх олгосон байгууллага, албан тушаалтан хяналт тавина” гэж тодорхой заасан байдаг боловч Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тухай тендерийг БСШУСЯ-наас зарласан байгаа. Төрийн захиргааны байгууллага соёлын өвөө хамгаалах биш “устгах” үйл ажиллагааг явуулж байгааг эсэргүүцэж байна.
Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр:
“Байгалийн түүхийн музейн барилга нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхдугаар ерөнхий төлөвлөгөөний үед баригдсан бөгөөд хотын төвийн хэсэг дэх неоклассизмын үеийн загвартай архитектурын дурсгалт барилга юм. Байгалийн түүхийн музейн барилга болон буулгах гэж буй гурван уран барилга бол Монголын хосгүй үнэт соёлын өв юм. Иймээс бид “Соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенци”-д нэгдэн орсон гишүүн орны хувьд ЮНЕСКО-гоос баталсан “Хөшөө дурсгал, дурсгалт газрын хадгалж хамгаалах, сэргээн засварлах Венецийн Харти”, “ICOMOS-ийн дүрэм-Архитектурын дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах болон дүн шинжилгээ хийх зарчим”-ыг мөрдөх ёстой” гэлээ.
1 comment
Зурган дээр байгаа Энхбатын албан бичиг нь үзлэг тооллогод хамрагдсан барилга л гэсэн байна. Хосгүй үнэт соёлын өвд байтугай өв болох нь арай өөр шаргуураар явдаг байхаа. Бас л нэг талыг бариад алж байна даа. Очгэрэл ээ, Цацралтаа мэдлэгээ дээшлүүлж байж, барьцтай зүйл яриааааа.