Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг өчигдөр хаасан бол өнөөдөр (2019.10.01) 10:00 цагаас намрын ээлжит чуулганыг нээнэ.
Мөн ажлын хэсгүүд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
-Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаантай.
-Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдана.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар мөн дээрх асуудлыг хэлэлцэнэ.