Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын хүүхдийн элч дуучин Төмөрийн Ариунаа бүрэн хэмжээний тоглолтоо ирэх сарын 8-нд хийхээр болжээ. Энэ нь түүний бие даасан 15 дахь тоглолт юм. Урлагийн тайзнаа гуч гаруй жил гялалзаж буй дуучин Төмөрийн Ариунаагийн 2009 оны “Гайхамшигт үдэш” тоглолтоос хойшхи энэхүү тоглолт нь үнэнч сонсогч, фэнүүдийнх нь хүлээлтээс үүссэн юм.
Дуучин Т.Ариунаагийн тоглолт хэзээд шинэлэг, бусдаас ялгарсан, дэлхийн жишигт нийцсэн байдаг. Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны шүлгээр тоглолтоо нэрлэсэн нь учиртай биз. Энэ нэрийг гоё чаминд нь бус тэнүүн сэтгэлтэй ард түмнээ тэнгэр шиг байхад уриалсан болов уу. Мөн урлагийн тайзыг 38 жил эзэгнэсэн мэргэжлийн дуучны зангарагийг давхар илтгэх мэт.
Энэ удаагийн тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд дуучин Т.Ариунаа үе үеийн шилдэг дуунуудаа шинэчлэн дуулж буйгаараа онцлог юм. Түүнчлэн “Тусгаар тогтнол”, “Тэнгэр шиг бай”, “Хорвоог дүүргэж дэргэд минь байгаарай” зэрэг сүүлийн үеийн хит уран бүтээлүүд нь багтжээ.
21 жилийн өмнө сонсогчдыг байлдан дагуулсан “Утасны чинь дугаар” дуугаа шинэчлэн дуулж, “Cosmic Ariunaa” цомгоо танилцуулж байсан гавьяат маань “Тэнгэр шиг бай” шинэ тоглолтдоо нэлээд эртнээс чамбай бэлтгэж байгаа аж. Гал цогтой эрч хүчээрээ үргэлж фэнүүдээ байлдан дагуулдаг түүний арван жилийн дараах тоглолтыг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байна.