Хойд Солонгосын эсрэг авсан олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахыг Хөгжиж буй орнуудын “G-77” бүлэг шаардсан байна. Энэхүү хориг нь Хойд Солонгосын хөгжил цэцэглэлтийг саатуулж байна гэж тус бүлэг үзжээ.
Нью-Йорк хотод хуралдаж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн Сайд нарын хуралд оролцогчид Хойд Солонгосын эсрэг хоригийг нэн даруй цуцлахыг шаардсан байна. Хуралд 120 орчим орны төлөөлөгч оролцож, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцжээ.
Хойд Солонгос нь цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлснээр НҮБ болон олон улсын эдийн засгийн хоригт орсон. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон АНУ-ын Ерөнхийлөгч болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын үеэр эдийн засгийн хоригийг зөөлрүүлэхийг хичээсэн ч уулзалт тодорхой гэрээ, хэлэлцээрт хүрэлгүй өндөрлөсөн.
“G-77” бүлэг нь гишүүн орнуудын эдийн засгийн ашиг сонирхлыг дэмжих зорилготой олон улсын байгууллага бөгөөд 1964 онд 77 орны бүрэлдэхүүнтэй байгуулагдсан энэ бүлэг одоо 134 гишүүнтэй болон өргөжөөд байгаа юм.