Монголын Хүний Төлөө Нам өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Үүнд:
Монголын ард түмэндээ хандаж Эх орондоо эзэн байхын төлөө эвлэлдэн нэгдэхийг уриалж ЭЗЭН МОНГОЛ хөтөлбөрийг толилуулж байна. АТГ-ын дарга З.Дашдаваа, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг сайн дураараа огцрохыг шаардан шаардлага хүргүүлж байна.
УИХ-ын чуулганы хуралдаан, “Цэнзургүй яриа”, “Улаан бал” болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй улс төр, нийгмийн асуудал хөндсөн нэвтрүүлгүүдээр илэрхий гэмт хэргийн шинжтэй, ялангуяа төрийн эсрэг гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэргүүдийн тухай НОЦТОЙ мэдээ, мэдээллүүд цацагдаж байхад нийгмийн өмнө хүлээсэн үүргээ эс биелүүлж гэмт этгээдүүдийг илрүүлж, таслан зогсоож чадахгүй байгаа учраас Ард түмнээсээ уучлалт гуйн огцрохыг шаардаж байна.
“Эрдэнэт”-ийн 49, 51 хувьтай холбоотой хэргүүд, Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг буюу 60 тэрбумын хэрэг, ЖДҮДС-г тоносон УИХ-ын гишүүдийн гэмт хэрэг, “Жаст”-ын Батхүүгийн гэх “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан луйвардсан гэмт хэрэг, Ц.Нямдоржийн авилгын хэрэг гэх мэт хэргүүд тоогоо алдлаа. Албан тушаалын болон төрийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй атлаа нийгэмд шударга ёсыг хүссэн ард иргэдээ дарамталж, эрүүдэн шүүж, ард иргэдээ торгууль, шийтгэлээр айлгаж, сүрдүүлсэн байдал хэрээс хэтэрч нийгмийн зөрчил дээд цэгтээ тулсан байдал нь хууль хяналтын байгууллагуудыг үндсээр нь шинэчлэх шаардлага болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг 72 цагийн дотор огцруулж БНХАУ-ын тагнуулын байгууллагад элссэн гэх асуудлыг холбогдох хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардаж байна. Мөн эрүүгийн таван хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа этгээдээр хууль зүйн салбарыг удирдуулж байгаа арчаагүй байдлаа засахыг шаардаж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх, Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга нарт одоогийн гэмт хэрэг үйлдэх аргаар байгуулагдсан УИХ-ыг дахин УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх болзолтойгоор тарааж хариуцлага тооцох ажлыг санаачлан зохион байгуулахыг шаардаж байна. Бид шударга ёс, хууль ёсыг шаардан ард түмнээ манлайлан тэмцэх болно. Анхаарал тавьсан явдалд талархал илэрхийлье” гэлээ.