Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү Хоошёорюү С.Бямбасүрэн ирэх арваннэгдүгээр сарын тэмцээнд жюүрёо зиндаанд дэвшин барилдахаар болжээ. Ийнхүү тэрээр мэргэжлийн сүмод барилаж буй Монголын 35 дахь сэкитори цолтон боллоо. Ийнхүү жюүрёо зиндаанд дэвшиж сэкитори болсноор сар бүр цалин авах бөгөөд башёд 15 өдөр барилддагаараа бусад доод зиндаанаас ялгаатай юм. Сүмо бөхийн холбоо өнгөрсөн лхагва гаригт кюүшюү башёгийн банцүкэг хэлэлцэн, Хоошёорюү С.Бямбасүрэн болон Садогатакэ дэвжээний Кототэбакари хоёрыг жюүрёо зиндаанд дэвших болсныг зарласан юм байна.
Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын банцүкэ гараагүй ч шинэ цолтнуудыг урьдчилан зарладаг нь гоёлын маваши өмсгөл зэрэг бэлтгэл ажлууд хийдэгтэй нь холбоотой аж. Хоошёорюү мэргэжлийн сүмо бөхөд хамт орсон Их аварга Тайхогийн ач хүү Наяагаас түрүүлэн, цолонд хүрч байгаа нь энэ юм. Хоошёорюү С.Бямбасүрэн энэ жил 20 настай. Тэрээр 186 см өндөр, 121.5 кг жинтэй юм байна. 2017 оны 11 дүгээр сард мэргэжлийн сүмод анх барилдаж эхэлжээ. Хоошёорюү есдүгээр сарын башёд макүшита зиндааны тавд эрэмбэлэгдсэн барилдаж дөрвөн даваа, гурван унаатайгаар тэмцээнийг өндөрлөөд байгаа юм.