АНУ-ын зүгээс Кубын Коммунист намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Раул Кастро болон түүний гэр бүлийн гишүүдэд хориг тавьжээ. Энэ тухай пүрэв гарагт Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ.
Хориг тавих болсон шалтгаанаа тус агентлаг Кастрогийн дэглэм хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь тогтоогдсон хэмээн тайлбарлаж байгаа юм. Төрийн департаментын мэдээлснээр Кастро тэрчлэн Венесуэлийн эрх баригчид, ерөнхийлөгч Николас Мадурогийн байр суурийг дэмжин хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтээр дамжуулан төрийн эрхээ бэхжүүлэх зорилготой үйл ажиллагаанд гар бие оролцож байгаа гэв.
Мөн АНУ-ын Гадаад хэргийн яам Кубын аюулгүй байдлын хүчин Венесуэлийн арми болон тусгай албадтай хамтран хүний эрхийг ноцтой зөрчиж, эрүүдэн шүүж байна хэмээн үзэж байна.