Хотын төвийн авто замын гудамжны хажуугийн цахилгааны шон дээр “Саун”, “Массаж хийнэ” гэсэн олон тооны зар наасан харагддаг. Үүний цаана охид, эмэгтэйчүүд биеэ үнэлэх, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон тохиолдол олон бий. Энэ төрлийн гэмт хэргүүдийг ч цагдаагийн байгууллага шалгаж байна. Иймд Нийслэлийн цагдаагийн газраас тогтмол хяналт шалгалтыг явуулж байгаа ажээ.
Өнгөрсөн наймдугаар сард гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийнхан 2700 гаруй “Саун”, “Массаж хийнэ” гэсэн зарыг хуулж, устгасан байна.
Мөн саун, массажны газруудад шалгалт явуулсан байна. Саун, массажны газарт тавигдах стандартын 9.1 хэсэгт заасан “Үйлчилгээний газарт ажиллагсад нь тухайн чиглэлээр сургалтад хамрагдаж, мэргэшсэн байна”, 9.2 дахь хэсэгт заасан “Иллэгийн ажилтан нь эрх бүхий байгууллагаас баталгаажсан мэргэжлийн үнэмлэхтэй байх ба ил харагдах газар байрлуулсан байна” гэсэн заалтуудыг ихэнх массаж, сауны газар зөрчсөн байна.
Энэ төрлийн үйлчилгээний газрууд охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлсэн зөрчил илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагаас торгуул ногдуулдаг бөгөөд үйл ажиллагааг нь зогсоох эрх байдаггүй аж.