Завхан аймгийн Отгон сумын Баянбулаг багийн “Бургас” гэдэг газарт өчигдөр хээрийн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 12 алба хаагч, Отгон сумын 111 иргэн, Цагаанчулуут сумын 12 иргэн, Шилүүстэй сумын 11 иргэн, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 18 иргэн, нийт 164 хүн, 20 автомашин, 10 мотоциклтэй 3 бүлэгт хуваагдан “Бургастайн-Ам”, “Түргэний-Ам”, “Дунд салаа”-ны чиглэлд түймрийг унтраахаар ажиллаж байна.
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 3390 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 40 иргэн амь насаа алджээ. Үүний 25 нь том хүн, 15 нь хүүхэд байгаа юм. Мөн гал түймрийн улмаас 31 хүн түлэгдэж, гэмтсэн байна.