Японы TBS телевизийн “Sasuke Ninja warrior” шоуг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз албан ёсны эрхтэйгээр “Монгол Нинжа дайчид” нэрээр зохион байгуулж, үзэгчиддээ хүргэхэд бэлэн боллоо.
“Sasuke Ninja warrior” шоуг дэлхийн 20 орон албан ёсны эрхтэйгээр үзэгчиддээ хүргэсэн бөгөөд Монгол Улс энэ шоуг нэвтрүүлсэн 21 дэх орон болж байна.
“Sasuke Ninja warrior” шоуны тухай
Дээрх шоуг анх Японд “Хүч чадлын тулаан” (“Кинники Банзуке”) гэх спортын цэнгээнт нэвтрүүлгийн нэг хэсэг болгон нэвтрүүлж байжээ. “Хүч чадлын тулаан” нэвтрүүлгийн зорилго нь оролцогчдоо болон үзэгчдийг булчинлаг, хүчирхэг болгох эрмэлзэл төрүүлэх байсан бөгөөд уг нэвтрүүлэг спортын олон төрлийн болон биеийн хүчний тэмцээн, тулаанаас бүрддэг. Ийн “Сасүкэ” тулаан үзэгчдээс өндөр үнэлгээ авч, хожим “Сасүкэ Дайчин нинжа” нэртэй бие даасан шоу нэвтрүүлэг болж өргөжсөн юм.
Түүнчлэн “Sasuke ninja warrior” шоу барууны ертөнцөд “Дайчин тулаанч нинжа” нэрээр танигдаж, асар олон тооны үзэгчтэй болсон. Анхны “Сасүкэ Дайчин нинжа” шоу 1997 онд эфирээр цацагдсан. Үүнээс хойш тус нэвтрүүлэг жилд 1-2 удаа хийгдэж, үзэгдэд хүрч эхэлсэн.
“Сасүкэ Дайчин нинжа” шоу нэвтрүүлэг дөрвөн үеэс бүрддэг.
Нэгдүгээр үе: Энэ шатны даалгаврууд оролцогчоос хурд, авхаалж самбаа шаарддаг.
Хоёрдугаар үе: Хурд, хүч шаардана.
Гуравдугаар үе: Агаарын үе шат буюу оролцогч агаарт байрлуулсан саад бартааг даван туулах ёстой.
Дөрөвдүгээр үе: Оролцогч өгөгдсөн цаг хугацаанд амжиж даалгавар биелүүлэх ёстой.
“Сасүкэ Дайчин нинжа” нэвтрүүлгийн дөрвөн үе шат 21 саад бэрхшээлээс бүрддэг. Мөн оролцогчид үе бүрт биеийн хүчний төрөл бүрийн даалгавар биелүүлэх бөгөөд сорилыг амжилттай давахын тулд дасгал сургуулилт, бие физиологийн тэнцвэр, сэтгэлийн хаттай байх шаардлагатай.
Тэгвэл МҮОНРТ-ийн уран бүтээлчид “Sasuke Ninja warrior” шоуны дөрвөн үе шатны тайзыг олон улсын стандартын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд угсарч байрлуулсан бөгөөд “Монгол Нинжа дайчид” шоунд төрөл бүрийн ажил мэргэжилтэй, нийслэлд болон гадны оронд, орон нутагт ажиллаж амьдарч буй 140 “нинжа” оролцжээ.
Түүнчлэн АНУ болон БНСУ-д сурч, ажиллаж буй залуус эх орондоо ирж “Монгол Нинжа дайчид” шоуны ялагч болохын төлөө өрсөлдсөн юм.
Дашрамд дуулгахад, “Монгол Нинжа дайчид” телевизийн шоу энэ сарын 29-нөөс эхлэн ням гараг бүрийн 21:10 цагт үзэгчдэд хүрнэ.