Удирдлагын академи дээр Орон нутгийн түвшинд засаглалыг сайжруулж, хөгжлийг хангах нь“ сэдэвт уулзалт болж байна. Уулзалтад 21 аймаг, есөн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын алба, УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо болон ЗГХЭГ-ын төлөөлөл, нутгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн судлаач зэрэг 90 орчим хүн оролцож байна.
Орон нутгийг хөгжүүлж, иргэдийн аж амьдралыг сайжруулахын тулд нутгийн өөрөө удирдах ёсыг зүй зохистой хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг дээшлүүлэх арга замын талаар хэлэлцэж буй арга хэмжээн дээр “Нутгийн удирдлагын талаарх концепци”, “Орон нутгийн хөгжил, түүний эдийн засгийн үндэс”, ”Улс болон орон нутгийн төсвийн харилцаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг нутагшуулсан Орхон аймгийн туршлага, хэрэгжүүлж байгаа ажилтай танилцах юм байна.
Мөн орон нутгийн бодлого, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдийн эрх зүйн ухамсар, улс төрийн соёл, мэдлэг, төрийн үйлчилгээний үр нөлөөг дээшлүүлэх зэрэг “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2020-2045” баримт бичигт тусгасан зарим асуудлаар санал солилцох юм. Төлөөлөгчдийн гаргасан саналыг нутгийн удирдлагын холбогдолтой хууль тогтоомжийг боловсронгуй болгоход тусгахаар төлөвлөжээ.
Уулзалтыг УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Удирдлагын академи, НҮБХХ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж байна.