Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын гуравдугаарт осол гэмтэл ордог. Осол гэмтлийн төрлүүд дотроос зам тээврийн ослын шалтгаант нас баралт насанд хүрэгчдийн дунд тэргүүлж байгаа бол хүүхдүүдийн дунд уналт, түлэгдэлтийн шалтгаант нас баралт тэргүүлдэг. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох осол гэмтлийг бууруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай ойр хамтран ажиллаж байна. Осол гэмтэл бол урьдчилан сэргийлж болох асуудлуудын нэг мөн.
Зам тээврийн ослоос сэргийлэхийн тулд суудлын бүс бүслэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, уналтаас сэргийлэхийн тулд цонхны хамгаалалтын хаалт, шатны дээр аюулгүйн гарцууд суурилуулах, түлэгдэлтээс сэргийлэх зорилгоор утаа мэдрэгч дохиолол суурилуулах, хоол хийх үедээ аюулгүй хувцас, өмсгөл зүүх зэрэг нь бүгд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэрэгслүүд.
Осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний түвшинд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэхээр салбар бүрийн төлөөлөл, бодлого боловсруулагч, өндөр түвшний албан тушаалтнууд, олон улсын мэргэжилтнүүд 9 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод цуглаж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар хамтран сэдэвчилсэн хурал, уулзалтуудыг зохион байгууллаа.
Осол гэмтлийн гаралт ихсэж байна
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр 2018 онд Монгол Улсад осол гэмтэлт өртөн 2923 хүн нас барсан байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байгаа хэдий ч осол гэмтлийн гаралт ихсэж байгааг Эрүүл мэндийн яамнаас тэмдэглэлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ “Манай улсын хүн амын 38%-ийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь ирээдүйн манай улсын хөгжлийн гол нөөц тулгуур билээ. Гэтэл зөвхөн 2018 онд зам тээврийн осол, гэмтлээр 52 хүүхэд амь насаа алдсан нь осол, гэмтлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын хүчин чармайлтаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах нь нэн чухлаар тавигдаж байна” хэмээлээ.
Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бууруулахад Бүх салбарын оролцоо
Монгол улсад осол гэмтлээс иргэдийг хамгаалах нь бүх салбарын түвшинд тэргүүлэх асуудал болж байна.
9 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын яам, агентлагуудын өндөр түвшний 28 албан тушаалтан оролцсон хурал зохион байгуулагдаж, Монгол Улсын Шадар сайдаар ахлуулах Осол, гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, аюулгүй байдлыг хангахад салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үндэсний зөвлөл байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хэлэлцэж, санал солилцлоо. Энэхүү Үндэсний зөвлөл байгуулагдсанаар 2018 онд Засгийн газраас батлагдсан Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, осол гэмтлийг бууруулах хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болох юм.
ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица хэлсэн үгэндээ “Осол гэмтлийг бууруулах улс төрийн хүсэл эрмэлзэл, манлайлал өндөр түвшинд байгааг харахад таатай байна. Бүх салбарын хамтын ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангаж, уялдаа холбоотой ажилласнаар зам тээврийн осол, уналт, түлэгдэл зэрэг осол гэмтлүүдээс урьдчилан сэргийлж, илүү олон хүний амь насыг аврах боломжийг алдахгүй ажиллах нь чухал” хэмээн онцоллоо.
Хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаална
2017 онд Монгол Улсад 33,259 хүүхдийн эсрэг гэмт хэрэг бүртгэгдсэн нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл нийгмийн эрүүл мэндийн томоохон тулгамдсан асуудал хэвээр байгааг харуулж байна. Хүүхэд насандаа аливаа хүчирхийлэлд өртсөнөөс үүдэн сэтгэцийн эмгэг, аюултай бэлгийн зан үйл, хөгжлийн хоцрогдолтой болох, архи, тамхинд донтох зэргээр ирээдүйд учрах хор хөнөөл асар их.
9 дүгээр сарын 18-ны өдөр Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах 7 стратеги – ‘INSPIRE’-ийг хэрэгжүүлэх чиглэлээр эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хууль, боловсрол зэрэг салбаруудын төлөөллүүдийг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Энэхүү 7 стратеги нь 1) хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжүүлэх, сахиулах, 2) хүчирхийлэлтэй холбоотой хэм хэмжээ, үнэт зүйлсийг өөрчлөх, 3) хүүхдэд аюулгүй орчин бий болгох, 4) эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэг 5) орлого нэмэгдүүлэх, эдийн засгийг сайжруулах санаачлагуудыг бий болгох, 6) хүчирхийлэлд өртсөн хохирогчид хариу арга хэмжээ, дэмжих үйлчилгээнүүд үзүүлэх, болон 7) хүүхдэд боловсрол, амьдрах ур чадвар олгоход чиглэгдэнэ.
“Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах чадавх бэхжүүлэх сургалтыг бид дэмжин явуулж байгаадаа бахархалтай байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ үзүүлэх эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх үр дүнтэй тогтолцоо бий болгох нь нэн чухал” хэмээн ДЭМБ-ын Эрүүл мэндийн нийгмийн үзүүлэлтүүдийн асуудал хариуцсан газрын захирал Др.Этиенн Круг хэллээ.
Монгол Улс бол Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхийн түншлэлд нэгдэж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг устгахаар манлайлан ажиллаж байгаа дэлхийн 26 улсын нэг юм гэж ЭМЯ мэдээлэв.