Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” шагнал гардуулах ёслол маргааш /2019.09.26/ болох гэж байна. “Балдорж” шагнал олгох ёслолын ажиллагааг “Монгол ньюс” групп болон “Балдорж” сангаас 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. “Балдорж” шагналын анхны эзнээр 2009 онд сэтгүүлч Б.Ганчимэг тодорч байсан юм. Мөн сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Ж.Гангаа, Г.Отгонбаяр, Ж.Тэгшжаргал, Хүрээлэн төслийн М.Буянбадрах, У.Ганбаяр болон Э.Хүрэлбаатар, Ц.Цэвээнхэрлэн нарын сэтгүүлчид “Балдорж” шагналын эзэн болж байв.
Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын 2019 оны IV улирлын дүн саяхан гарсан. Зөвлөх багийн гишүүн Л.Мөнхбаясгалан IV улиралд нэр дэвшүүлэх бүтээл гараагүй гэж үзсэнээр зөвлөх багаас нийт есөн бүтээл нэр дэвших эрхээ олж авсан байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн эдгээр бүтээлийг зөвшөөрч, гурван бүтээл нэмснээр IV улирлын шалгаруулалтаас нийт 12 бүтээл “Балдорж” шагналд нэр дэвших эрхээ аваад байна. Тодруулбал, С1 телевизийн “Цензургүй яриа” цуврал ярилцлага, МҮОНРТ-ийн “Хариу нэхээгүй тус” эрэн сурвалжлах баримтад нэвтрүүлэг, мөн МҮОНРТ-ийн “Хүрээлэн” төсөл, Өнөөдөр сонины сэтгүүлч О.Бат-Ундрах “Гурван цагийн зөрүү”, “Хүнд жинтэй хүндэтсэн агуулгатай сурах бичиг”, “Цөм өшиглөвөл таарсан цөм хөтөлбөр” нийтлэлээр, “Ub.life” сайтын сэтгүүлч Б.Энхцэцэгийн “Холдох тусмаа гэрэлтэнэ” балетчин О.Батсайханы хөрөг нийтлэл зэрэг 12 бүтээл IV улирлын шалгаруулалтад шалгараад байна. “Балдорж” шагналын эздийг бүтэн жилийн турш I, II, III, VI улиралд шалгарсан шилдэг бүтээлүүдээс шүүн эцсийн шалгаруулалтыг хийдэг уламжлалтай юм.
Ёслолын ажиллагаа маргааш 18:00 цагт Улаанбаатар зочид буудалд болно. Тус арга хэмжээнд Монголын шилдэг сэтгүүлч, уран бүтээлчид цуглах юм.