Этиоп, Индонез Улсад Боинг компанийн Boeing 737 Max загварын нисэх онгоц дараалан осолдсож, 346 зорчигч амиа алдсан билээ. Хохирогсдын ар гэрийнхэнд санхүүгийн дэмжлэх үзүүлэх санг Боинг компани долдугаар сард байгуулжээ.
Зуун сая долларын хөрөнгөтэй сан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 50 хувийг хохирогсдын ар гэрийнхэнд хувааж төлөх шийдвэрийг Даваа гаригт гаргасан байна. Хохирогчдийн ар гэрийнхэн энэ мөнгийг авах эсэхээ сайн дураар шийдэх бөгөөд авах хүсэлтээ 2020 оноос өмнө гаргах ёстой гэнэ.
Сан хохирогч тус бүрийн нөхөн олговорт 144.500 доллар олгохоор тооцжээ. Гэхдээ нөхөн олговор авсан гэр бүлүүд ямар нэг үүрэг хүлээхгүй, Боинг компанийн эсрэг зарга мэдүүлэх эрх нь нээлттэй хэвээр үлдэх гэнэ.
Харин үлдсэн 50 сая долларын хөрөнгийг Боинг компанийн тусгай сан онгоцны ослоос хохирол амссан тухайн улс орнуудын боловсрол, эдийн засгийн чадавхыг сайжруулах үйлсэд зарцуулах гэнэ. Энэ оны гуравдугаар сард Этиопт хоёр дахь Boeing 737 Max нисэх онгоц осолдсоны дараа энэхүү агаарын хөлгийг дэлхийн ихэнх улс орнууд ашиглахаа зогсоосон.
Боинг компани осол гарахад нөлөөлсөн техникийн асуудлыг засварлахаар ажиллаж байгаа бөгөөд 737 Max онгоцыг хэзээ агаарын тээвэрт дахин ашиглаж эхлэх зөвшөөрлийг АНУ-ын эрх баригчид өгөх аж.
Эх сурвалж: BBC