Энэ оны эхний есөн сарын байдлаар 21.981 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасчээ
Орон сууц, зарим барилга байгууламжийн зогсоолд байршуулаад удаан хугацаагаар орхисон, ашигладаггүй, эвдэрч муудсан тээврийн хэрэгсэл маш их байдаг. Энэ нь зогсоолын хүртээмж, орчны өнгө үзэмж, цаашлаад татварт ч сөргөөр нөлөөлж байна.
2016 оны жилийн эцсийн байдлаар Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй ч ашигладаггүй, бүртгэлээс хасах шаардлагатай 95 мянга тээврийн хэрэгсэл байсан юм. Харин түүнээс хойш хэд болж нэмэгдсэн талаарх судалгаа хийгдээгүй байгаа юм. Ямартай ч өнгөрсөн 2018 онд улсын хэмжээнд нийт 27 мянга 600 гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 21 мянга 981 тээврийн хэрэгслийг хасчээ.
Ашигладаггүй, эвдэрч муудсан тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулах шаардлагатай
АТҮТ-ийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулагаас ашигладаггүй тээврийн хэрэгслийг хэрхэн бүртгэлээс хасдаг талаар тодрууллаа. Тэрээр “Манайд иргэд хандан хүсэлтийнх нь дагуу ашигладаггүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасдаг. Түүнээс биш манайх дур мэдэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасдаггүй. Татварын ерөнхий газартай хамтарч манайх сүүлийн зургаан жил үзлэг, оношилгоонд ороогүй, зургаагаас дээш жил татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг судалгаанд хамруулж хассан. Үүсэж байгаа шалтгаан нь иргэд тээврийн хэрэгслээ бусдад худалдахдаа худалдан авах гэрээ болон итгэмжлэхээр өгөөд явуулдаг. Нөгөө тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэд манайд ирээд дугаарлалт ихтэй байснаас болоод ч юм уу тухайн бичиг баримтаа дараа больё гээд хойш тавьж явсаар нөгөө тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтэн ашиглах боломжгүй болохоор нэрээ шилжүүлээгүй тээврийн хэрэгслээ тэр чигээр нь орхидог. Бидэнд л мэдэгдэхгүй бол манайхаас хувь хүний өмчид халдаж байрны голд олон жил болж байгаа эвдэрсэн тээврийн хэрэгсэлийг бүртгэлээс хасах хууль эрх зүйн үндэслэл байхгүй” гэх тайлбарыг өглөө.
Татварын систем дээр тээврийн хэрэгслийн татварын өр үүссэн бол татвар төлөгч түүнийг заавал төлөх үүрэгтэй
Ашигладаггүй, огт замын хөдөлгөөнд оруулдаггүй ч тээврийн хэрэгсэл нь бүртгэлтэй бол эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж заавал татвар төлөх ёстой. Тиймээс хэрэглээнээс гарсан, хуучирч муудаад ашиглахаа байсан тээврийн хэрэгсэл байдаг бол улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай юм. Үгүй бол иргэн, аж ахуйн нэгжийн нэр дээр татварын өр, хуримтлал үүссээр байдаг байна. Цаашлаад Зөрчлийн тухай хуулийн хариуцлага хүлээлгэх ч нөхцөл байдал үүсэх юм.
ТЕГ-ын татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа “Иргэд, аж ахуйн нэгжүүд ашигладаггүй тээврийн хэрэгсэл дээр татвар ноогдоод байна гэдэг асуудал гардаг. Энэ нь тээврийг хэрэгсэл өөрөө Автотээврийн үндэсний төвд бүртгэлтэй байдаг. Тухайн тээврийн хэрэгсэл эвдэрч, хэрэглэхгүй болсон ч бүртгэлээ хасуулаагүй олон жил болсон тохиолдлууд бий. Энэ тохиолдолд систем автоматаар Автотээврийн үндэсний төвд бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийн мэдээг Татварын алба руу татдаг. Тиймээс уг мэдээлэл дээр үндэслээд ийнхүү татварын өр үүсч байгаа. Нэгэнт татварын систем дээр ноогдол үүссэн бол татвар төлөгч түүнийг заавал төлөх үүрэгтэй” гэв.
Улсын хэмжээнд 1 сая 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна
Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 1 сая 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Гэхдээ үүний 65 орчим хувь нь л автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлж, 300-400 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаж, албан татвар төлдөггүй гэсэн тоо баримт байдаг байна.
Эх сурвалж: Eagle.mn