Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг 2019 оны 9 дүгээр сарын 26-27-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Шинжлэх ухаан ажилтнууд анхдугаар Их хурлаа хийж байгаа нь Монгол Улсын төр, засгаас шинжлэх ухаан, технологийг улс орны нийгэм, эдийн засгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг, хөгжил, дэвшлийн тулгуур хүчин зүйлсийн нэг хэмээн үзэж, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн бодлого, зорилтыг цаг тухай бүрт нь тодорхойлон, хууль эрх зүйн орчин, бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, салбарын чадавх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарч байгаагийн илрэл гэж салбарынхан найдаж байна.
09 дүгээр сарын 27-ны өдөр “Хандлагаа өөрчилье” уриан дор Төрийн ордонд эхлэх Анхдугаар их хурлын үеэр “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого”; “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц; “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт; “Шинжлэх ухаан, технологи зэрэг салбар хуралдаанууд болно.
Салбар хуралдаанаар Монголын шинжлэх ухаан технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, төрийн бодлого шийдвэр гаргахад шинжлэх ухааны судалгаа шнжилгээнд суурилах, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, судалгааны оновчтой, хүртээмжтэй дэд бүтэц бий болгох, тэдгээрт ажиллах хүний нөөцийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ажилтны ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төр-хувийн хэвшлийн хамтын түншлэлийг бэхжүүлэх зэрэг шинжлэх ухаан технологийн салбарт тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцэх аж.
Уг их хуралд шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, төв, гарааны компани, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий нийт 800 төлөөлөгч оролцох юм.
Анхдугаар их хурлын зорилго нь өнгөрсөн хугацаанд тус салбарын олсон ололт, амжилтыг дүгнэж, алдаа дутагдалдаа дүн шинжилгээ хийж, төрөөс батлан хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх арга замыг хэлэлцэн тодорхойлж, цаашдын хөгжлийн зорилтыг дэвшүүлэхэд чухал түлхэц өгөх, шинжлэх ухаан, технологи, инновацид хандах нийгмийн өнөөгийн чиг хандлагыг өөрчлөхөд чиглэгдэх болно.