“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан тус төрийн бус байгууллагын эх орон, байгаль дэлхийн төлөө хийж буй тэмцлийг цагдаагийн байгууллага таслан зогсоох шалтаг хайж трансжендерүүдтэй холбоотой асуудлаар хэрэг шалгаж байна. Үүний цаана улстөрчид байна гэх мэдээллийг цацжээ.
Энэ мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү үгүйсгэж “Цагдаагийн байгууллага захиалгаар шалгалт явуулдаггүй. Хэн нэгэн хүний гомдол мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Трансжендерүүдийн асуудал тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Үүний хүрээнд тухайн хэргийн хохирогч иргэн Д цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргасан. Уг гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэн баримттайгаар тус ТББ-ын тэргүүн Г.Ганхуягт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгалтын ажиллагаа явуулж байна” гэлээ.
“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягт Эрүүгийн хуулийн 17.6 дүгээр зүйлд /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Уг зүйл анги нь 15-40 мянган нэгжийн торгууль, эсвэл 2-8 жил хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай.