Өнөөдөр “Монголньюс” мэдээллийн төвд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн хэвлэлийн хурал хийж, Улаанбаатар хотноо соёл урлагийн өлгий болсон Францын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтарсан “Франц, Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо хийх болсон тухай мэдээлэв.
Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 30-нд болох тоглолтын ашгийн 10 хувийг сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээний зардалд хандивлана. Тоглолт Францын сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээл ба Италийн сонгодог хөгжимийн хэсэг гэсэн хоёр хэсэгтэй гэнэ.
Монголын тайзанд уран бүтээлээ дэлгэх гэж буй Францын дуурийн дуучин Лирисса Тосканелли “Хэдийгээр би франц үндэстэн ч өвөө минь итали гаралтай хүн. Энэ хоёр улсын аль алиных нь сонгодог урлагт би хайртай учраас тоглолтоо “Франц, Италийн романтик бүсгүйчүүд” хэмээн нэрлэсэн хэмээн ярив.
Мөн тэрээр Францад дуурийн чиглэлээр суралцахаар Азиас олон хүн ирдэг ч, шавь нар дунд маань Мягмарсүрэнтэй дүйцэхүйц хэмжээний хүн одоогоор байхгүй хэмээсэн юм. Энэ үеэр дуучин Б.Мягмарсүрэн гадны сонгодог дуучдыг урьж, хоёр жилд нэг удаа тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа талаар ярилаа.